Транс банкинд юу болоод байна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Транс банкинд юу болоод байна

Тээвэр хөгжлийн банк буюу Транс банкны талаар дэгдээд байгаа мэдээллүүд юу өгүүлнэ вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүдийг жирийн уншигчийн хувьд өнгөц харахад лав л хамгийн түрүүнд гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Новожилов хэмээх орос нөхөр санхүүгийн элдэв будилаанд холбогдож эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа сэм хил даван зугатаасан гэсэн ойлголт хамгийн түрүүнд төрнө. Энд гэмт хэрэгт шалгагдаж байсан этгээдийг хэн зохион байгуулалттайгаар оргуулав, хууль хяналт, хилийн албаныхан яагаад мэдсэнгүй вэ гэсэн асуудал жичдээ тавигдана. Гэтэл бас Транс банкны 51 хувийн эзэмшигч нь 49 хувийнхандаа дээрэлхүүлээд байна гэсэн утгатай мэдээллийг "Инфра структур" компанийн гүйцэтгэх захирал Р.Батрагчаа гэгч хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэв. Энгийнээр бодоход л 51 хувь эзэмшигчид буюу дийлэнх хувь эзэмшигч нь мөртлөө “тоглолт”-ын гаднаас ийн гомдоллох нь үнэхээр гайхалтай хэрэг.

Тэгвэл Транс банкны хувьд 51 хувийг Швейцарийн тал буюу тус улсын иргэн Армин, 49 хувийг монголчууд буюу банк үүсгэн байгуулагчид нь эзэмшдэг. Өнгөц харахад "Инфра структур"  компани нь Швейцарийн хөрөнгө оруулагч талыг төлөөлж байгаа мэт. Гэтэл Армины өмгөөлөгч байсан Р.Батрагчаа нар өөрсдийгөө банкны хувь эзэмшигч гэсэн ойлголтыг төрүүлэхээр мэдэгдэл хийж, "Инфра структур"  компани “Оюуны ундраа” компанийн нэр дээр ирсэн ч юм шиг маргаан дэгдээд эхлэв. Армин "Инфра структур"  компаниа зарсан байж болдог юм аа гэхэд банкинд эзэмшсэн эрхээ шилжүүлж болох эсэх нь жинхэнэ асуудлын гол гогцоо болж байна. 

Учир нь  2010 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа Банкны тухай хуулийн 36-ийн 1-12 хүртэлх заалтаар бол компаниа наймаалцах буюу бусдад шилжүүлэх нэрээр банк худалдах явдлыг таслан зогсоосон. Өмнө нь компаниа шилжүүлэх замаар банкны хувийг ч өөр хэн нэгэнд шилжүүлэх өөрөөр хэлбэл, банкны хөрөнгө оруулагч нь Швейцарийн асар нэр хүндтэй банкир гэгдэж байснаа хэн нь мэдэгдэхгүй нэг этгээд банкны “толгой” болчихсон байх магадлалтай байсан замыг хаасан хэрэг.  Тэгэхээр хэдийгээр "Инфра структур"-ыг аль нэг компанид худалдаад юм уу гэрээгээр авчихсан, гүйцэтгэх захирал нь Р.Батрагчаа байлаа ч Арминыг төлөөлж чадахгүй. Монголбанкны хувь эзэмшигчийн бүртгэлд Армин гэж гэрчилгээ олгосон байгаа болохоор.

Басхүү компаниа шилжүүлсэн гэх асуудал ч ээдрээтэй. Бизнесийн хамгийн наад захын энгийн жишиг, соёл ёсоор бол нэг хувь эзэмшигч хувиа зарах, шилжүүлэх тохиолдолд хамтрагчдаа хамгийн түрүүнд мэдэгдэх давуу эрх байдаг. Хамтрагч нь ийм давуу эрх эдэлнэ гэдгийг манайд хуулиар зохицуулсан, гэрээ хэлцэлд заасан байдаг зайлшгүй зүйл. Гэтэл швейцарь хамтрагч нь бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийсэн эсвэл хийх гэж байгаагаа хамтрагчдаа огт мэдэгдээгүй аж.
Одоо тэгээд ямар дүр зураг хүлээгдэж байна вэ гээд харвал Армин Монгол Улсад өөрөө ирж хувь нийлүүлэгчдийн хуралдаа оролцох ёстой болж таарч байна. Гэвч ноён Арминд Монголд ирэхгүй байх “хүндэтгэлтэй” шалтгаан байгаа бололтой. Дээр дурдсан Новожиловын гэх хэрэгт Армин гэрчээр дуудагдаж байсан. Энэ үед Р.Батрагчаа өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан боловч есхөн хоногийн дараа компанийнх нь захирал болсон. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн хоёрдугаар сард Р.Батрагчаа өөрөө Армины итгэмлэгдсэн төлөөлөгч байхаасаа татгалзсан баримт байна. Тэгээд ч банкны Хувь нийлүүлэгчийн хурал болоод хөрөнгө мөнгөний талаар аливаа асуудалд зөвхөн Арминтай л асуудлыг ярина гэж Монголын талын хувь эзэмшигчид гэдийж буй, шүүх ч Монголбанк ч ингэж үзэж байгаа аж, хууль дүрмийнх нь дагуу.

Харин Транс банкныхны хувьд энэ асуудал үйл ажиллагаанд нь нөлөөлсөн ямар нэгэн зүйл үгүй, харин банкны нэр хүндийг унагаах зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа нөхдийг шүүхэд өгнө гэсэн байр суурьтай байгаа аж.

Ийнхүү гаднаас харахад ойлгомжгүй мэт мөртлөө ердөө л Монгол Улсын Банкны тухай болон Компанийн тухай хууль, хөрөнгө оруулагч талын гэрээ хэлцлүүдээр шийдэгдэх ёстой асуудлыг “санаатай, санамсар”-гүйгээгээр хэвлэлээр сенцаци дэгдээж, хөөсрүүлээд байна уу гэсэн дүр зураг харагдаж байна. Гэхдээ банк гэдэг яалт ч үгүй итгэлцлийн харилцаан дээр тогтож байдаг учраас энэ мэт мэдээлэл “хөөс“ч байсан холбогдох албадууд анхаарал хандуулах нь зүйтэй буй за. 

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж