Empire State Building хамгийн өндөр нь биш болно

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Empire State Building хамгийн өндөр нь биш болно

Нью-Йорк хотод сүндэрлэдэг 102 давхар Empire State Building удахгүй тус хотын хамгийн өндөр гэсэн тодотголоос хасагдах аж. Харин 2011 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаар нурсан Олон улсын худалдааны төвийн ихэр хоёр цамхгийн суурин дээр баригдаж буй шинэ цамхаг Нью-Йорк хотын хамгийн өндөр барилга болох гэнэ.

Ирэх долоо хоногт цамхгийн хамгийн дээд давхар нь баригдаж дуусах бөгөөд Олон улсын худалдааны төв-1 хэмээн нэрлэсэн шинэ барилга Empire State Building-ээс 1,2 метрээр өндөр байх аж. Нью-Йорк хотын Засаг захиргаанаас хэрэв цаг агаар сайхан байвал энэ дөрөвдүгээр сарын 30-нд шинэ төвийн хамгийн дээд  давхрын барилгын ажлыг дуусгахаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн юм.

Empire State Building нь 443 метрийн өндөртэй бөгөөд энэ байшингийн 86-р давхарт байрлах ажиглалтын талбайгаас мегаполисийн дүр төрхийг тольдохоор АНУ-ын иргэд болон гадаадын жуулчид сая саяараа очдог аж. Empire State Building 1931 онд баригдсан бөгөөд 1986 онд АНУ-ын үндэсний түүхийн хөшөө дурсгалын жагсаалтад бичигдсэн байна.

1970 онд Empire State Building хамгийн өндөр гэсэн тодотголоо Олон улсын худалдааны төвийн ихэр хоёр цамхагт алдсан ажээ. Харин 2001 оны аймшигт халдлагын дараа энэ байшин Нью-Йоркийн хамгийн өндөр барилгаар дахин бичигдсэн билээ. Empire State Building нь одоо АНУ-ын гурав дахь өндөр барилга бөгөөд Чикаго хотод байдаг “Willis tower” болон “Tramp international hotel and tower” барилгуудын дараа жагсдаг гэнэ.

Олон улсын худалдааны төв-1 барилга 2006 оны дөрөвдүгээр сараас баригдаж эхэлсэн. Барилгын ажлыг 2012 оны арванхоёрдугаар сард  бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд 2013 оны хавар нээлтээ хийх юм. Шинэ төвд оффисын зориулалттай гурван өндөр байшин болон 2001 оны есдүгээр сарын 11-нд амиа алдагсдад зориулсан дурсгалын музей байх аж. Энэ шинэ төвийн өндөр нь дээд антенны хамтаар 541 метр болох юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж