Салаар гаталдаг Туул голд сайр л үлдэж дээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Салаар гаталдаг Туул голд сайр л үлдэж дээ

Ус чандмань эрдэнэ, амьдарлыг тэтгэгч гэж бид ярьсаар ирсэн. Харин энэ үгний үнэ цэнийг тэр бүр ухаж ойлголгүй, ярих төдий л явсаар. Тиймдээ ч ниргэсэн хойно нь хашгирав гэдэг болж байна. Үүний нэг жишээ бол Туул гол.

Хатан Туулыг ямар хэмжээтэй урсч байсныг кино, архивын бичлэгээс л харж байсан болохоос биш нүдээр харж байсангүй. Эргээ халин урсах Туул голыг гатлах гэж сал хэрэглэдэг байсан гэдэг. Гэтэл өнөөдөр Хатан туулыг гатлахад сал ямар ч хэрэггүй. Зөвхөн өөрийн сайртай хөл байхад л болно.

Ийм дүр зураг жил ирэх тусам тодорсоор. Энэ жил гэхэд Туул голын урсгал Сонсголонгын гүүр орчимд тасарчээ. Тэгвэл өчигдөр БОАЖ-ын Сайд Д.Цогтбаатар Туул голын байдалтай газар дээр нь очиж танилцсан юм. 12.00 цагийн үед тус газарт очиход шороо бужигнасан сайр угтсан юм.

Энэ үеэр Туул голын сав газрын зөвлөлийн нарийн бичгийн дарга Я.Цэдэнбалжир сайдад голын урсац юунаас болж тасарсныг хэлсэн юм. Тэрбээр "Туул гол Улаанбаатар хотын сууршлын бүсэд 2002 оноос хойш тасардаг болсон. Энэ тасралт дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Өнгөрсөн жил ч гэсэн урсац нь тасарч дөрөвдүгээр сарын 31-нд ус нь ирж жинхэнэ урсацаараа урссан. Өнөөдрийн байдлаар Яармагийн гүүрний орчимд гол ирсэн байна. Яармагийн гүүрнээс Сонгино хүртэл тасарсан. Сонгиноос нааш төв цэвэрлэх байгууламжийн усаар сэлбэгдэж урсч байна. Яагаад голын урсгал тасраад байна вэ гэхээр олон хүчин зүйл байна.

Туул голыг хамгийн ихээр бохирдуулж байгаа зүйл нь Харгиа цэвэрлэх байгууламж. Үүний дараа Төв цэвэрлэх байгууламж орж байна. Голын урсац татрах нь хүний үйл ажиллагаанаас болж байгаа ч дэлхийн дулаарлаас болж урсац багасч байна. Туул голын урсац 1961 онд 124 метр куб сек байсан бол өнөөдөр хэвийн урсац нь 25 метр куб сек байна. 2030 онд дэлхийн дулааралт +5 хэмээр нэмэгдэх тооцоо гарсан. Энэ үнэн бол дээрх 25 метр куб сек хурдтай урсац маань дахин 10 хувиар буурах төлөв гараад байна. Өөрөөр хэлбэл, туул голын урсац багассаар байх болно. Голын урсацыг сэргээхийн тул БОАЖЯ-наас олон ажил хийж байна" гэсэн юм.

Түүний хувьд зөвхөн байгалийн хүчин зүйлээс болж гол тасарсан гэх зүйлийг хэлж байсан ч Усны газрын дарга Ц.Бадрах “Туул гол энэ хэсэгт яагаад тасраад байна вэ гэдэг нь хотжилтын нөлөөнөөс болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, усны даац хэтрээд байна. Улаанбаатараас Төв аймгийн Лүн сум хүртлэх хэсэгт хүний үйл ажиллагааны нөлөө маш их байна. Төлөвлөлтгүй хэрэглээ маш их бий болжээ. Мөн маш олон үйлдвэрлэл үйлчилгээ бүрдэж байгаа нь ундны усанд сөргөөр нөлөөлөх болж байна.

Туулын сав газарт байгалийн дулаарал, хүний хүчин зүйлийн даац үнэхээр хэтрээд байна. 2005 оноос хойш хамгаалалтын бүсийг тогтоосон гэсэн ч ямар үр дүн алга. Үүнээс гадна Туулын эхэн дээр орж байгаа хур тунадас 16-20 хоногийн дотор Монголын хилээс гараад явчихдаг. Эерэгээр нь бодвол өнөөдөр энд урсац үгүй ч маргааш их үерийн гамшиг болбол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Харин Туулын урсацыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэхээр голын эхэн дээр усны нөөцийн цогцолбор барихаар болсон. Тэгэхээр усны нөөцийг зөв зохистой ашиглах асуудлыг Туулаасаа эхэлж хийх хэрэгтэй" гэдгийг сануулаад авсан.

Харин БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар "Бидний хандлага буруу байна. Туулын урсац тасраад байхад байгалийн буруу гээд бид өөрсдийн үйл ажиллагааг тайвшруулдаг цаг биш. Миний хувьд Туул голын эрэгт өссөн хүүхэд. Тухайн үед гол тасрах асуудал гэж байдаггүй байсан. Харин голын урсац тасрахад хамгийн том нөлөөлж байгаа зүйл нь хотжилт.

Өнөөдөр орон сууцанд амьдарч байгаа хүнийг 400 мянга гээд үзвэл нэг хүнд ногдох усны хэрэглээ өдрийн 250 литр гэвэл өдөртөө 100 тэрбум литр усыг зүгээр урсгаад байна. Бид бүхэн энэ усны нөөцөө ашиглахдаа хүн ам маань ингээд өснө гэж тооцоолоогүй учраас өнөөдрийг хүртэл гүний усаа хэрэглэсээр байна. Гүний ус хэрэглэж байна гэдэг нь Туулын усны түвшинд шууд нөлөөлж байгаа юм.

Улаанбаатар хотод 20 мянган аж ахуйн нэгж байна. Дөрвөн цахилгаан станц ч гэсэн гүний усаар ажиллаж байна. Гэсэн ч усаа эргүүлж ашиглах нь маш муу байна. Нэг үгээр хэлбэл, гүний усаа бүх зүйлдээ ашиглаад байвал бид эргэж Туулаа харахгүй цаг ирэх гээд байна. Тиймээс нэгдүгээрт Туул голын хамгаалалтын захиргааг байгуулмаар байна. Улаанбаатар хот орших уу, эс орших уу гэдэг асуудал дээр тулсан ч Туул голын захиргааг байгуулаагүй л байна. Ингэвэл өдөр бүр Туул гол маань ингэж байна, тэгж байна гэж чихэнд нь хонх уяж, ийм хэмжээний хөрөнгө хэрэгтэй байна гэдгийг сануулаад хэлэх байгууллага хэрэгтэй байна.

Туулыг сэргээхэд 700 орчим тэрбум төгрөг хэрэгтэй байна. Хэрвээ 700 тэрбум төгрөг орж ирсэн ч нэг өдөр голын урсгалын сэргээх юм биш. 5-6 жил шаардлагатай. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд маань үүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэд бага ч гэсэн хөрөнгө оруулж байвал далайд дусал нэмэр шүү дээ. Улс төрийн анхаарал дутаж байна" гэсэн юм.

Улаанбаатар хотын сая гаруй иргэнийг ундны цэвэр усаар хангадаг чандмань эрдэнэ болсон Туул гол мөхлийн ирмэгт тулсан үед албаныхан зөрүүтэй зүйл ярьсаар. Яг өнөөдрийн төрх гэвэл хатсан сайр бий болоод байна. Энэ дүр төрх бий болоод удаж байгаа. Урсгал нь багасах нь юу ч биш зүгээр сайр үлдсэн сав газраар хэн дуртай нь явж байна. Ёстой нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна гэдэг л болж байна.

Усны үнэ цэнийг хүн бүр мэддэг ч зарим нэгэнд нь уснаас илүү ашиг хонжоо чухал байдаг бололтой. Туул голоос хайрга, элс чулууг тонн, тонноор ачиж, өөрөө л болж байвал бусад хамаа алга гэсэн мэт гэдсээ илж сууна. Хувцас, хунар байтугай биеэ угаахыг цээрлэдэг байсан усандаа машин тэргээ угааж, хог хаягдлаа хэнэг ч үгүй шидэлнэ. Үүнээс өөр нэг эмгэнэл нь арьс ширний үйлдвэр. Арьс, шир, ноос ноолуураа угааж, химийн хорт бодисоо гол руугаа юу ч болоогүй мэт цутгаж, загас жараахайнуудыг нь хэнэг ч үгүй устгасаар л.

Өөрөөр хэлбэл, дээрх үйлдлийг хийж байгаа адгуусууд Хатан Туулаа хайрлан хамгаалахын оронд ширгэж алга болоход нь гүн туслалцаа үзүүлсээр. Богд хан уул дархан цаазтай уул. Дархан цаазтай газарт зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр газар олгодог ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага хуруу дарам. Зөвхөн дээр хэлсэнчлэн өөрөө л болж байвал өрөөл хамаа алга гэгчээр Туулын ус, хайргыг хайр гамгүй хэрэглэсээр.

БОАЖ-ын сайд бүр л Туул голын асуудлыг сөхдөг ч ямар ажил хэрэг болсон зүйл алга. Үүний нэг нь БОАЖ-ын сайд асан Л.Гансүх “Туул усан цогцолбор”-ын техник-эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа"-ны ажлыг эхлүүлсэн. Туул голын сав газарт гадаргын болон газрын доорх усны хуримтлал бий болгож, усны нөөцийг нэмэгдүүлэх боломжийг судлах, Улаанбаатар хотын ус хэрэглээний хэтийн төлөвлөлтийг  2030-2050  оны төвшинд тодорхойлж, хэтийн төлөвлөлтийн дагуу зураг төсөл боловсруулахад техникийн шийдэл гаргахад төслийн зорилго чиглэсэн.

Энэ төслийн хүрээнд нийслэлийн цэвэр усны хангамжид газрын доорх усны эх үүсвэрээс олборлох хэмжээг одоогийн төвшинд барьж, үүнээс давсан хэрэгцээг гадаргын ус хуримтлуулан  ашиглах шаардлага тулгарсан. Учир нь 2020 оноос цааш газрын доорх усны хуримтлалын нөөц нь Улаанбаатар хотын ус хэрэглээг хангаж чадахгүй нөхцөлтэй байгааг аль хэдий нь гаргасан.

Үүнээс гадна 2020 он гэхэд дэлхий даяараа цэвэр усны нөөцийн хомсдолд орж эхэлнэ гэж эрдэмтэд тооцоолсон байдаг юм билээ. БОАЖ-ын сайд Д.Цогтбаатарын хувьд ажлаа авсан даруйдаа нийслэл хотын хог хаягдал, хөрсний бохирдол, Төв болон Харгиа цэвэрлэх байгууламжтай газар дээр нь танилцаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг даалгавар өгсөн билээ. Тэгвэл одоо үүний үр дүн хэзээ гарахыг хүлээх л үлдэх нь ээ.

Э.Пагмадулам

Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж