УИХ-ын дарга сансрын баатрууддаа баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга сансрын баатрууддаа баяр хүргэв

     Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойн баярт оролцож байгаа Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн багийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. 

     Одоогоос 30 жилийн өмнө сансрын уудмаас монгол хүний дуу хоолой цуурайтсан тэр түүхэн өдрийг хамтдаа тэмдэглэж буй хамтарсан нислэгийн багийнханд УИХ-ын дарга баяр хүргээд “Монгол хүн сансарт ниссэн нь Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өргөсөн түүхэн үйл явдал болсон билээ. Тэр баярт өдрийг монголчууд ямагт дурсан санаж, бахархан тэмдэглэсээр байдаг юм. Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэг нь манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа дайны хүнд бэрх цаг мөчид ч, энхийн бүтээн байгуулалтад ч, сансар огторгуйн уудамд ч батжин гагнагдсаны баталгаа болсон билээ” гэж онцлон тэмдэглэлээ. Мөн хамтарсан нислэгийн багийнхны Монгол орны байгалийн баялгийн нөөц, газар зүй, цаг агаарын байдлын талаар хийсэн сансрын судалгаа шинжилгээ, туршилтууд нь өнөө хэр ихээхэн ач холбогдолтой хэвээр байгаад талархаж буйгаа УИХ-ын дарга хэллээ.

     Тэрбээр сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн сансрын нисэгч М.Ганзоригт УИХ-ын гишүүдийн өмнөөс баяр хүргээд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээж гардуулав. Мөн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан ОХУ-ын хошой баатар, сансрын нисэгч В.В.Горбатко, В.А.Жанибеков, сансрын “Союз-Т4” хөлгийн дарга В.В.Кавелёнок, сансрын нисэгч В.В.Ляхов нарт баяр хүргэж, сайн сайхны өрөөл дэвшүүллээ.

     Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансрын багийн хамт олон, дайчин нөхдийг нь хүндэтгэн хүлээн авч уулзсанд УИХ-ын даргад талархал илэрхийлээд энэхүү ойд зориулан Монголбанкнаас гаргасан сансрын нисэгчийн дүрс бүхий зоосыг дурсгав.

     УИХ-ын дарга энэ үеэр сансрын нислэгийн багийнхны 30 жилийн тэртээх дурсамжийг хуваалцаж, хамтдаа дурсгалын зураг татуулав.

     Уулзалтад УИХ-ын гишүүн, Батлах хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж