Үгсэн хуйвалдаагүй гэдгээ батлахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Үгсэн хуйвалдаагүй гэдгээ батлахыг шаардлаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импротлогчдод ногдуулсан торгуулийн хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
    
Энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр нефть импортлогч компаниуд бензин, түлшний үнийг нэг литр тутамд 210-260 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын байцаагчид шалгалт хийж, үгсэн тохирч шатахууны үнэ нэмснийг тогтоон дүгнэлт гаргаж, бүрэн эрхийнхээ хүрээнд 17 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан билээ. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва энэ сарын 10-нд 02 дугаар тогтоол гаргаж, улсын байцаагчийн дээрх шийдвэрийг хүчингүй болгожээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Би Б.Лхагваад хандан захидал илгээсэн. Уг нь би Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдах зөвлөлд байдаг юм л даа.  Гэтэл намайг Бөхмөрөнд ажилтай явах хойгуур энэ шийвдэрийг гаргачихсан байгаа юм. Би өмнө нь  энэ тухай хэлэлцэхэд болохгүй гээд болиулсан. Хэрэв Б.Лхагвааг гаргасан шийдвэртээ өөрчлөлт оруулахгүй бол МҮЭ-ийн холбоо албан тушаалаас огцруулахыг Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдоос шаардах болно” гэсэн юм.

Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын хорооны дарга Л.Мөнхбаяр “Шатахуун импортлогч компаниуд үгсэн, хуйвалдаж үнээ нэмсэн гэдэг нь тогтоогдоогүй  гэсэн үндэслэлээр 17 тэрбумын торгуулийг цуцалсан байна. Тэгвэл үгсэн хуйвалдаагүй гэдгийг юугаар нотлох вэ гэдэг их чухал болоод байгаа юм. Нэг өдөр, нэг цагт үнээ нэмсэн нь үгсэн хуйвалдсан нь тодорхой байгаа юм шүү дээ. Ямартай ч тэднийг үгсэн хуйвалдсаныг нотлож чадахгүй байгаа бол тогтоож чаддаг хүмүүст нь ажлаа өг” хэмээн анхаарууллаа.

                                        Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж