Сайдыг огцруулах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Сайдыг огцруулах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Д.Загджав нар дөнгөж сая МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдтой албан өрөөнд нь биечлэн уулзлаа.

Эдгээр гишүүд мөн дээрх уулзалтын өмнө УИХ-ын даргатай биечлэн уулзаж, хуулийн хугацаа дуусахаас өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг хүсч албан бичиг мэдүүлсэн юм.

УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд С.Батболд нар дээрх нэр бүхий гишүүдийн хүсэлтийг зүй ёсны гэж үзсэн авч түүнээс өөр тоймтой хариулт өгөөгүй байна. Хуульд зааснаар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх тухай асуудлыг байнгын хороо нь долоо хоногт багтаан хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэх үүрэгтэй. Харин энэхүү хуулийн хугацаа өнөөдрөөр албан ёсоор дуусч буй аж.

Хэрвээ дээр заасан хугацаанд тус байнгын хороо нь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй бол хууль зөрчинө. Гэвч одоогоор УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулах товыг УИХ-аас зарлаагүй хэвээр байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг одоог болтол хэлэлцээгүй хойшлуулсаар байгаа билээ.

Хэрвээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөртөө багтаж хуралдаан зарлаж эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй бол хууль зөрчсөн асуудал руу орох болж буй юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж