Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Өмнөд Солонгос улсын KOIKA сангийн хөрөнгө оруулалтаар “Уур амьсгалын өөрчлөлт-дамжуулагчаар дамжих халдварт өвчний чадавхийг сайжруулах” төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яам уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж хурал зохион байгууллаа. Энэ хурлаар хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө батлах юм байна. Байгалийн голомтот Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын ажлын албаны дарга, тархвар судлаач их эмч А.Долгорханд хэлэхдээ “Сүүлийн таван жилийн хугацаанд дамжуулагчаар дамжих халдварт өвчин буюу тарваган тахал, хачигаар дамжих халдварт өвчин жил бүр нэмэгдэж байна. Хэдийгээр эдгээр өвчнөөс болж нас барах тохиолдол харьцангуй бага ч гэсэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нэмэгдэх өвчний тоонд орж байгаа. Тиймээс энэ төслийг манай улсад хэрэгжүүлж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлсэнээр иргэдийг урьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд лабораторийн судалгаа гэх мэт олон талын ач холбогдолтой төсөл” гэв.
Ш.Чимэг