Төлөөлөгч бол “ард түмний зарц”

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Төлөөлөгч бол “ард түмний зарц”

Арвайхээр сумын 20 дугаар тойргийн төлөөлөгч Л.Төмөрбаатар нь аймгийн Иргэдийн хурлын Төлөөлөгч төдийгүй аймгийн МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн, аймгийн Намын хорооны тэргүүлэгч, аймгийн Барилгачдын холбооны тэргүүн, зөвлөх инженер, МУ-ын гавъяат барилгачин хүн юм. Түүнтэй төлөөлж гарсан тойрогтоо юу хийж амжуулсан талаар цөөн хором хөөрөлдлөө.

-Иргэдийн Хуралд Төлөөлөгчдийн суудал авснаас хойш хоёр жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд сонгогчдынхоо төлөө ямар ажлыг хийж амжуулав?

-Арвайхээр сумын 20 тойргийн хоёр төлөөлөгч, сумын Иргэдийн Хурлын найман  төлөөлөгч бид сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулсан амлалтуудаа хэрэгжүүлэхээр нэгдсэн хөтөлбөр гарган нэг баг болж ажиллаад багагүйг хийж гүйцэтгэлээ.  2009-2010 онд хийсэн хамгийн чухал хоёр ажлыг дурьдвал Арвайхээр сумын ундны усны худгуудад ус цэвэршүүлэх төхөөрөмж байрлуулах асуудлыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулж, 2011 онд хэрэгжүүлэхээр боллоо. Энэ асуудлыг шийдвэрлэснээр усны хатуулга багасах, иргэд цэвэр ус хэрэглэх боломжтой болно. Мөн төв суурин газрын …….харъяалалгүй ахмадуудыг харъяалалтай болгох гэсэн заалтыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулж, аль нэг байгууллагын харъяалалгүйгээр амьдарч байсан ахмадуудын 40 гаруй хувийг харъяалалтай болгож өглөө. Аймгийн МАН-ын залуу бизнесмэн гишүүд бүрт “Хүн болгон таван хүнийг өөрийн байгууллагадаа харъяалуулж өгөөч” гэсэн захидал илгээсний дагуу 60 гаруй ахмадуудыг компаниудын нэр дээр бүртгэж авсан. Энэ ажил цаашид үргэлжилнэ.
Мөн бидний амласан нэг зүйл бол баг бүрт халуун ус барих ажил юм.  2008 онд Арвайхээр сумын Иргэдийн хурал, Засаг даргад “газар олгож өгөөч” гэсэн хүсэлт тавьж, гурван хүнд газар олгосон. Ингэснээр  9-р багт зургаан хүний хүчин чадалтай халуун ус ашиглалтанд ороод хоёр жил шахам ажиллаж байна. Таван хүний хүчин чадалтай, орчин үеийн саунтай, халуун усны зураг төслийг гаргасан ч энэ зураг төслөөр барихад хөрөнгө оруулалт нэлээн шаардагдах учраас боломжгүй болчихоод байгаа юм. 2012 онд шийдэгдэж магадгүй.
1, 2, 9 дүгээр багийн уулзвар аюулгүйн тойрогт Билэгдэлийн багана босгох ажлыг санаачилснаар аймаг үүсч байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан 80 бүтээлч ажлын жагсаалтанд оруулж, 5 сая төгрөгийн  хөрөнгийг шийдэж өгсөн. Одоогийн байдлаар уран барималч н.Оргил зураг төслийг нь гаргаад, ажил 80 хувьтай гүйцэтгэж байна. Ирэх хавар багуудын хаяг, гэрэлтүүлгийг тавьснаар бүрэн дуусна.
Мөрийн хөтөлбөртөө хүүхдийн цэцэрлэг барих томоохон зорилт дэвшүүлж, 140 ортой цэцэрлэгийн барилгын зургийг гаргасан ч хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх янзгүй байна.
Хог тээвэрлэлт, ус түгээлтийг жигдрүүлнэ гэсэн заалт бүрэн хэрэгжиж, 1,2,9 дүгээр багуудад айлын хогийг графикийн дагуу тогтмол авдаг болсон. Үүнд Арвайхээр Хотын захирагчийн алба нэлээн сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Энэ онд худаг бүрт цэвэршүүлэх төхөөрөмж тавьчихвал дээрх заалт бүрэн биелнэ.
Хүн бүрт тулгамдаж байгаа нэг асуудал бол эрчим хүч юм. Айл өрхүүдэд очиж буй гэрэл цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ИТХуралд 2 удаа, Засаг даргад 3 удаа санал тавьсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Багуудын дунд трансматор тавьсан боловч олигтой сайжрил олоогүй.
Багийн өрхүүд интенэтэд холбогдож байна. Ирэх жил дийлэнх өрхүүд интернетийн хэрэглэгч болно.
Мөрийн хөтөлбөрт ороогүй асуудлаар иргэд хүсэлт тавих нь бий. Гурван багийн 5 иргэнээс ажилд оруулж өгөх хүсэлт ирж, дөрөвийг нь ажилтай болгосон. Нэг нь удаа, дараагийн шалгалтанд тэнцээгүй учраас өөрөө хүлээн зөвшөөрөөд явсан. 2-р багийн 30 иргэнд түлээ, нүүрсний тусламж үзүүллээ. Хариуцсан багуудынхаа ИНХ, Намын үүр болон Ахмадын өдөр, Намын баяраар өндөр настнууддаа мөнгөн тусламж, дэмжлэгийг үзүүлсэн. ИХ-аас бидэнд өгсөн  200.0 мянган төгрөгийг төсөл хэрэгжүүлэх замаар багууддаа хувааж өгсөн байгаа.
Үүнээс гадна иргэдийн төлөөлөгчийн хувиар аймгийн ИТХ-ын танхимыг орчин үеийн загвар дизайнаар өөрөө гардан засварлаж, ашиглалтанд оруулсан.  МАН-ын байрыг засварласан. Намын нэр дээр төлөөлөгчөөр сонгогдсон учраас миний хийсэн ажлын нэгэнд орно гэж бодож байна.
Би аймгийн ИТХ-д сонгогдсоноосоо хойш  8 удаагийн хуралд оролцож , 20 гаруй удаа асуулт тавьж, үг хэлжээ.

-Ямар замаар сонгогч иргэдтэйгээ уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож байна вэ?

-Би анх нэр дэвшиж сонгогдохдоо энэ утсаар надтай холбоо барьж байгаарай гээд бүх айлд нэрийн хуудсаа өгсөн. Харин иргэд маань төлөөлөгчийн тухай ойлголтгүй байдаг юмуу, УИХ-ын гишүүдээс эхлээд бүх шатны төлөөлөгчид сонгогдсоноосоо хойш нэг их юм хийхгүй болохоор итгэдэггүй юм уу тэр бүр холбоо бариад, ирж уулзаад байдаггүй. Өнгөрсөн хугацаанд таван хүн хувийн чанартай хүсэлт тавьсаны дөрвийг нь биелүүлсэн гэж би түрүүн хэлсэн. Ер нь бол санал хүсэлт тавьж, өргөдөл өгсөн иргэдийг чөлөөтэй хүлээж авна. Хурлын өмнө иргэд гэхээсээ илүү албан байгууллагуудаас л янз бүрийн санал ирдэг.

-Төлөөлөгч гэж хэн бэ? Таны бодлоор…

-Хуучин социализмын үед депутат нь ард түмний зарц гэсэн ухагдахуунтай байсан. Одоо ч гэсэн төлөөлөгчийг тэр агуулгаар л ойлгох ёстой байх. Ямар ч байсан өөрийг нь сонгосон иргэдийн төлөө ажиллаж, тэдэнд ямар асуудал тулгамдаад байгааг шийдвэрлэж өгөх, цаашилвал аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тэдэнд тайлагнаж ойлгуулж байх үндсэн үүрэгтэй юм.

-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болох үеэр үг хэлж, санал тавьдаг цөөхөн хүн байдаг. Төлөөлөгчид нэг л сайн ажиллаж чадахгүй байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-1992 онд Монгол улсын үндсэн хуулинд Орон Нутгийн Өөрөө Удирдах Ёс гэж цоо шинэ бүлэг орж ирсэн. Тэр хуулийг батлалцаж байсан хүний нэг нь би. Өнөөдөр Орон Нутгийн Өөрөө Удирдах Ёс жинхэнэ агуулгаараа хэрэгжихгүй байгаа. Тухайлвал аймгийн ИТХурал нь дээрээс  батлагдаад ирсэн тоо, төсвийг л дахин баталж байна ш дээ. дээрээс хөрөнгө оруулалтын хэмжээг өгөөд бид нар аймаг, орон нутгийнхаа нөхцөлд тохируулаад баталж байгаа асуудал үнэхээр цөөхөн байна. Үүнд сэтгэл нэлээн их гонсгор байдаг юм. ИТХурал нь хуулинд заасан хэм хэмжээндээ хүрч ажилаж чадахгүй байгаа. Хуулийн дагуу явагдаж байгаа ч тэнд ажил хэрэгч хандах асуудал төлөөлөгчдийн дунд харьцангүй муу байна. Ялангуяа залуу төлөөлөгчдийн хувьд тун тааруухан байдаг.  Үүнийг шууд хэлэх хэрэгтэй.  Хэдхэн “жижүүрийн” хүн л асуулт тавьж, үг хэлж байдаг. Мөн Төлөөлөгчдийн хэлсэн зарим үгийг Засаг Даргын Тамгын Газар болоод төрийн ажилтнууд сайнгүйгээр хүлээж авдаг тал бий. Тэрнээс нь эмээдэг ч байж болох юм. Миний хувьд ИТХ-аар хэлэлцэж байгаа асуудалд аль болох ажил хэрэгч байдлаар оролцохыг хичээдэг. Хоёрт залуу хүмүүст үлгэр дууриалал болох болов уу? гэсэн санаагаар үг хэлдэг ч тэр болгон хүлээж авдаг, үгүйг мэдэхгүй. Цаашид ч хэлэх ёстой үгээ хэлж, ярих ёстой юмаа ярина. Зарим нэг нь  “энэ нэг чалчаа өвгөн” гэж санаж магадгүй. Гэхдээ хэн юу гэх нь хамаагүй. Би Иргэдийн Хурлын Төлөөлөгчийн хувьд үгээ хэлэх эрх, үүрэгтэй хүн.

-Хурал болгон дээр үг хэлж, шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг нь та. Өнгөрсөн VIII хуралдаанаар ч нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ талаар дахиад нэг сануулвал?

-ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар би хэд хэдэн асуудал дэвшүүлсэн. Жишээ нь Арвайхээр сумын 2 дугаар багийн нэг иргэнд маш их хэмжээний газар өгч байна. Нэг нь 20-30 айлын газар аваад байхад зарим хүн хашааныхаа газрыг ч авч чадахгүй байна. Энэ ямар учиртай юм бэ? гэхэд хэн ч хариулт өгөөгүй, тэгээд л өнгөрсөн. Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шагнал бий болгох, бараа материал худалдан авах тендерийн асуудлаар нэлээн үг хэлсэн. Аймгийнхаа барилгачдад тендер өгөхгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ, ажилгүйчүүдэд ажил олгоно, мэргэжил эзэмшүүлнэ гээд л байдаг. Гэтэл 300 гаруй барилгачид энд ажилгүй байхад тэдэнд хөрөнгө оруулалтын тодорхой хувиар тендер өгч чадахгүй байна шүү дээ. Хужиртын эмнэлэг барих ажилд хамгийн бага саналаар аймгийн “Харшийн гэгээ” ХХК тендерт ялсан. Гэтэл өгөөгүй.  Улаанбаатарын өндөр саналтай компанид өгч тэр нь хугацанаадаа багтааж чадалгүй он дамжуулж байна.
Саяны ИТХ-аар хэлэлцсэн хамгийн хэцүү асуудал бол аймгийн төсвийг батлах тухай байлаа. Гар аргаар алт олборлогч иргэдээс 5.1 тэрбум төгрөгийн татвар төлөвлөж ир гэсэн байгаа юм. Өвөрхангай аймагт 1287 “нинжа” байна. Гэтэл ирүүлсэн төслөөр гар аргаар алт олборлогч 19000 хүн байна гэж бодож, 5.1 тэрбум төгрөг төлөвлөж ирүүлсэн.  Энэ мөнгийг 1287 хүндээ хуваагаад үзэхээр нэг “нинжа” жилд 4 сая орчим төгрөгийн татвар төлөхөөр ноогдож байгаа юм. Энэ бол хэзээ ч бүтэхгүй зүйл. Тэгээд бид төсвийг алдагдалтай батлах болчихоод нэг өдөр хойшлуулаад Сангийн яамнаас тодорхой тохиролцоонд хүрсэн бичиг ирсэн учраас төсвийг баталсан. Ер нь манай аймгийн төсөв 2011 онд маш хүнд нөхцөлтэй байгаа. Сангийн яам төсвийн тодотголоор шийдэж өгнө гэсэн. Тэглээ гэхэд 5 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэдэг бол үнэхээр хүнд асуудал юм. Явцын дунд л шийдвэрлэх байх даа. Сүүлдээ их л хурц асуудал үүсч, төсөв хүндрэнээ.

-ИТХуралд санал, хүсэлт тавихад тэр нь хэр хэрэгждэг вэ?

-Миний оруулсан асуудлуудаас бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендерийн тухай асуудлаас бусад нь үндсэндээ шийдэгдсэн. Худгуудад  ус цэвэрлэх төхөөрөмж тавих, ахмадуудыг харъяалалтай болгох нь миний  нэн тэргүүний зорилт байсан. Би өөрийгөө юм хийсэн л гэж боддог. Өөрийнхөө болон намынхаа дэвшүүлсэн зорилтуудыг  хэрэгжүүлэхэд байнга анхаарч явдаг. Сонгогчдоос миний нэр дээр ямар нэгэн санал, гомдол ирээгүй, тийм тохиолдол гарахгүй байх гэж бодож байна.

-Үлдсэн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаасаа танилцуулахгүй юу?

 -Би анх нэр дэвшихдээ л ахмадуудыг төлөөлнө гэж хэлж байсан. Тиймээс өндөр настнуудынхаа төлөө нэлээд ажлыг хийлээ. 2010-2011 оныг “Ахмадаа дээдлэх, урам хайрлах жил” болгоё гэж уриалга гаргасан. 20 гаруй ахмадуудын алдарыг тэмдэглэсэн. Аймгийн ЗДТГ-ын байрны доод давхарт “Ахмад настны төв” байгуулж, чийрэгжүүлэлт, тоглоом, сургалтын танхимын үйл ажиллагаа жигдрээд явж байна. МАН-ын гишүүн, дэмжигч 300 ахмадад хүндэтгэлийн захидал илгээлээ. МАН-ын 90 жилийн ойгоор намд 25-аас дээш жил болсон 705 хүнийг шагнуулахаар матеиралы бүрдүүлж өгөв. “Ахмад гишүүн сан” байгуулж, ахмадуудын чадавхийг дээшлүүлэхэд 1.5 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж, “Ногоон дэлхий – хөдөлгөөн – эрүүл мэнд – зөв хооллолт” сэдэвт аян зохион байгууллаа. “Алдраа дуурсгасан ахмад”-ууд гэсэн цуврал ном гаргаж байна. “Намаа дээдэлсэн сэтгэл, зүтгэл” гэж 80 шахам ахмадуудын дурсамжийг нэгтгэсэн номоо хэвлэлтэнд бэлтгээд бараг бэлэн болжээ. Эдгээр ажил нь нэг талаар намын асуудал байж болох ч намын нэрээр сонгогдсон төлөөлөгч учраас миний ажилд хамаатай. Цаашид ч ахмадууд, барилгачид, багийн сонгогч иргэдийнхээ талаар анхаарч ажиллана.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж