Ардын нам ардчилсан Ерөнхийлөгчид талархал илэрхийлэх нь

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Ардын нам ардчилсан Ерөнхийлөгчид талархал илэрхийлэх нь

Сүүлийн үест өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн вэб сайтуудаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаягла­сан “хайрын захидлууд” хөврөх бол­сон билээ. Гэхдээ энэ нь түүний Ерөн­хийлөгчөөр сонгогдсоноос хой­­ших гурван жилийн хугацаанд хийсэн ажлаас илүүтэйгээр Ерөн­хий­лөгч асан Н.Энхбаярыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгах явцад болсон сүр дуулиантай баривчилгаанаас үүдэлтэй.

Нэг.

Эдгээр хайрын захидалд, ноён Ерөнхийлөгчийн хүсэл зоригоор нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэхэд эрс өөрчлөлт гарч, эдийн засгийн хөгжил, иргэдийн эрх тэгш байдал, бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг хаан боогдуулагч авлигын хана хэрэм нурж эхэлсэн нь “авлигын загалмайлсан эцэг” гэгдэх Н.Энхбаярыг цагдан хорьсноор илэрсэн тухай, энэ нь хууль, шүүхийн системд шинэ өөрчлөлт гарч, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, төрийн албыг цэх шударга болгох үүд хаалга нээлээ хэмээн онцгойлон тэмдэглэсэн байна. Цааш нь, эрхэм Ерөнхийлөгчөөс өөрийн эхлүүлсэн тэмцлээ цаашид үргэлжлүүлж, авлига, хээл хахуулийн бугшсан хана хэрмийг нураах үйлсэд их гавъяа байгуулна гэдэгт итгэж буйгаа сонордуулаад “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шударга ёсны төлөөх үйл ажиллагааг өндрөөр үнэлэн “Шударга ёсны төлөө” талархлыг батлан олгов” гэсэн байгаа юм.

Үйл явдлын өрнөлийг үргэлж­лүүлэн харвал энэ “батламж”-аа Ерөн­хийлөгчид гардуулж өгөх гэж баа­хан өвгөн эмгэчүүл ордны үүдээр хөл­хөлдөж, төрийн тусгай хамгаа­лалтынхныг сандаргаж байгаа юм байх.

Гэвч АТГ, хууль хяналтынхны эхлүүлсэн Н.Энхбаярын авлигын хэргийг шалгах процесс яагаад эрхэм Ерөнхийлөгчид гавьяа нь очиж наалдах болов гэдгийг эргэцүүлээд үзвэл бас арай дүр зураг гарна. Уг нь бол хуулийн байгууллагын үйл ажиллагаа хэнээс ч хамааралгүйгээр, зөвхөн хуульд заасан чиг шугамаар явах учиртай нь туйлын үнэн. Мэдээж хэрэг хуулийн байгууллагуудын “цэгц шударга” үйл ажиллагааг эрхэм Ерөнхийлөгч маань хөхиүлэн дэмждэг байвал бүр ч илүү сайн л даа. Ялангуяа “Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэхээр” андгайлж гарч ирсэн эдүгээгийн Ерөнхийлөгчийн хувьд бүр ч илүү оноо цуглуулах нь тодорхой. Хуучин цагт ямар байлаа даа, өнгөрсөн 20 жилд…

Тиймээс зарим нэг ТББ-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглаад буй “хайрын захидал”-уудын учгийг олох гэж цаг үрэх шаардлага үгүй ч байж мэднэ. Энэ чинь нөгөө л бидний хүсээд байгаа “хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрх чөлөөгөө хуулиар баталгаажуулсан иргэний ардчилсан нийгэм шүү дээ. Гайхах ч юм алга. Гэхдээ, хэрвээ ард түмэн энэ хэргийн шалгалтын ард хэн нэгнийг сайшааж, эсвэл эсэргүүцэж байгаа бол тэдний л өгөх үнэлэлт дүгнэлт. Ардчилсан Ерөнхийлөгч гарч ирсний ачаар авлига, хээл хахуулийн, тэр дундаа төрийн өндөр албан тушаалт­нуудын хэргийг хуулийн бай­гуул­лагууд шалгаж чаддаг боллоо гэж үнэлсэн байсан ч ялгаагүй. Харин өмнөөс нь хэсэг бүлэг хүн хэн нэгэн рүү батламж, өргөмжлөл барьж гүй­гээд, хаяглаж, наагаад эхэлбэл энэ нь хуулийн байгууллагуудын ажил уу, хэн нэгний захиалга уу гэдэг эргэлзээнд орж таарна.     

Хоёр.

Ерөнхийлөгчид “хайрын захидал” хаяглаад буй ТББ-уудын нэрсийг харвал “Шударга иргэдийн төлөөлөл” ТББ, “Амлалт” ТББ, “Эрүүл нийгэм” ТББ, “Шударга ёс” ТББ, “Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ гэх мэтчилэнгийн уртаас урт дараалал гарч байна. Та лав ийм олон гоё нэртэй, таны өмнөөс гүйдэг ТББ-уудыг олж сонсоогүй байх. Анзаарвал, өнгөрөгч 2010 оны сүүлээр МАХН нэрээ өөрчилж МАН нэрийг авсны дараа “МАХН” гэдэг товчлолыг улс төрийн тавцанд дахин гаргаж ирэхгүйн тулд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, МАСЗХ /одоогийн НАМЗХ/-ын ерөнхийлөгч нар тэргүүлэн үүнээс ч олон нэрийг /70 гаруй нэрийн жагсаалт гарсан гэдэг байх шүү/ улсын бүртгэлд бүртгүүлээд өөрсдийнхөө нэр дээр авсан байсан санагдана.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-ынхан баривчлахдаа сэжигтнээр тооцон хорих 14 хоног өгсөн, тэр нь удах­гүй дуусна. Түүний дараа шаард­лагатай гэж үзвэл авлигын хэрэгт нь ял­лагдагчаар татаж, дахиад хоёр сар хүр­тэл хорих хуулийн заалтыг АТГ-ынхан уг баривчилгааны дараа сануулсан.

Энэ хугацаанд хамгийн их ороо бусгаа байгаа улс төрийн бүлэглэл гэвэл намын даргагүй сонгуульд орох гээд сандарч байгаа МАХН ч биш, экс намын даргаасаа салж ядаж байгаа МАН-ын удирдлагууд. Баривчилгааны дараачаас нийгэм дэх МАН, МАХН-ын фанатууд байтугай УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хүртэл хоёр хуваагдаж, “Н.Энхбаярыг хэн баривчлуулав, араас нь хэнийг явуулах гэж байна” хэмээн хагаралдаж эхэлсэн билээ. Удалгүй Н.Энхбаярын талыг баримталдаг хэмээн нам дотроо адлагдаж байсан УИХ-ын есөн гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагаа УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнээс болж УИХ дахь МАН-ын бүлэг, Байнгын хороодын хуралдаан лав долоо хоногоор саатаж байна.

Асуудлын гол нь арай гэж салсан Н.Энхбаярыгаа дахиад наранд гаргах уу, эсвэл Ц.Нямдоржтой нь цуг тавиад туучих уу гэдэг асуулт МАН-ын удирдлагуудын толгойг гашилгаж байна. Аль нь ч байлаа гэсэн өнгөрсөн 20 жилийн турш Монголын төрийн толгойд сууж, төрийн аппаратыг мөнгөний машин болгон ашиглаж ирсэн МАН-ын сайд, гишүүд, дарга удирдлагууд хамтдаа дээлээ нөмрөх аюул бий. Учир нь Ц.Нямдорж шиг, Н.Энхбаяр шиг тэдний алхсан гишгэсэн мөр бүрийг шиншилж бүртгэсэн хүн Монголын төрд, тэр дундаа хуулийн байгууллагад байхгүй. Түүгээрээ ч гул барин “Чаддаг юм бол намайг алчих”, “Тэгвэл хамтдаа шалгуулчихья” гэх үгсийг энэ хоёр эрхэм сүүлийн үед хэвлэл мэдээллээр унагаж, өөр хоорондоо ч, өрөөл бусдыгаа ч “шантаажлах” болсон билээ.

Энэ нь ирэх сонгуульд ямархуу нүүр царайтай ордог юм билээ хэмээн толгой гашилгаж байгаа МАН-ын дарга нарыг сандаргаад зогсохгүй, намынх нь нүүр царайг ч гэсэн халтарлах болсныг хэлээд яах вэ. Ямар ч байсан тэдний идсэн уусан хэрэгт хамт төр барьж байсан намынхан л холбогдоно уу гэхээс хажуугаас нь хашгирч суусан Ардчилсан намынхан чирэгдэнэ гэж лав байхгүй. 

Тиймээс “Н.Энхбаярын барив­чилгаа МАН-ын дотоодоос гарсан хагарал биш шүү. Энэ хэрэгт өөр хүн буруутай” гэх хардлагыг нийгэмд төрүүлэхийн тулд намынх нь пиарчид муугүй ажиллаж байгаа бололтой. “Ардчилсан Ерөнхийлөгч мундаг байна, авлигатай тэмцэж байна, баяр хүргэе” гэх тэдний зусар үгний цаана “Энэ бол хуулийн байгууллагын хийж байгаа ажил биш, улс төрийн захиалгатай операци шүү” гэсэн суртал ухуулга давхар явж байгаа бололтой. Нэг ёсондоо жам ёсоороо явж байгаа хуулийн байгууллагуудын ажиллагааг жам бус харагдуулах гэсэн бас нэг улс төрийн махинаци ч байж мэднэ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж