Энэхүү үйл ажиллагаанд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Нэн чухал хамтын ажиллагааны гэрээг санаачилсан иргэний нийгмийн байгууллага, байгалийн баялгийг ашиглах бизнесийн төлөөллүүддээ талархаж байгаагаа илэрхийлье. Байгалийн баялгийг ашиглах явцад гарах саад тотгор, сорилыг даван туулахад хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Мөн энэ хэлэлцээрт зааснаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, орон нутагт энэ ажил ямар шатанд хэрэгжиж байна вэ гэдэгт хяналт тавихад төрөөс гадна иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талаасаа байгалийн баялгийг ашиглаж байгаа уул уурхайн компаниудын хариуцлага өндөрсөнө” гэж цохон тэмдэглэсэн юм.
“Иргэдийн алъянс” төвийн захирал Ж.Занаа “Сүүлийн арваад жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллагууд нийтийн болон төрийн өмчтэй холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага тавьж ирсэн. Энэ шаардлага өнөөдөр биеллээ олж байна. Ингэснээр 21 аймаг 320 суманд байгаа иргэний нийгмийн байгууллага, төр,бизнес эрхлэгчид хамтран ажиллах баталгаа болно гэж үзэж байна” гэлээ.