Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өсчээ

Улсын Дээд шүүхийн Судалгааны төвөөс 2012 оны 1 дүгээр улиралд шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргүүдийн талаарх статистик судалгааг гаргажээ. Судалгаанаас үзвэл анхан шатны шүүхүүд 2012 оны нэгдүгээр улиралд эрүүгийн 1655, иргэний 6767, захиргааны 194, захиргааны зөрчлийн 3693, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан болон ялаас чөлөөлсөн 450,  цагдан хорих арга хэмжээ авсан 2429, нийт 15188 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны талаар:

Анхан шатны шүүхүүд  2012 оны I улиралд  2015 хүнд холбогдох 1655 эрүүгийн хэргийг таслан шийдвэрлэжээ. Шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 6,8  хувиар өсч, ял шийтгүүлэгчид 1,7  хувиар буурсан байна. Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Дорнод, Булган, Хөвсгөл, Нийслэл, Дундговь, Дорноговь, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймагт 3,7 – 68,0 хувиар өсч, Өвөрхангай, Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Увс,        Дархан-Уул, Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр аймагт  2,2 – 58,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2012 оны эхний  улиралд хүнийг санаатай алсан 80, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 80, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 340, танхайрсан 233, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 289, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн 10, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 79  хэрэг тус тус шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Эдгээр гэмт хэрэг нь таслан шийдвэрлэсэн эрүүгийн нийт хэргийн 67,1 хувийг эзэлж  байна. Өмнөх оны  мөн үеийнхээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17.5 хувиар, хүнийг санаатай алах гэмт хэрэг 21.2,  бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 64.6, эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг 66.7 хувиар тус тус  өсчээ. Гэмт хэргийн улмаас нийтдээ 4 тэрбум 16,3 сая төгрөгийн хохирол учирч, 162 хүний амь нас хохирч, 217  хүний биед хүнд гэмтэл учирчээ. Ял шийтгүүлэгчдийн  79,5  хувьд хорих, 3,3 хувьд торгох,  6,2 хувьд албадан ажил хийлгэх, 10,8  хувьд баривчлах ялыг  тус тус оногдуулсан байна.  Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар эрүүгийн 569 хэргийг  хянан шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны журмаар эрүүгийн 189 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн аж.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Анхан шатны шүүхүүд иргэний  6767  хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 716 хэргээр буюу 9,6 хувиар буурсан байна. Шийдвэрлэсэн иргэний хэрэг Нийслэл, Сэлэнгэ аймагт 1,8 – 15,2 хувиар нэмэгджээ. Харин Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, Баян-Өлгий, Завхан, Дорнод, Баянхонгор, Дархан-Уул, Төв, Орхон, Хөвсгөл, Увс, Ховд, Өмнөговь,            Говь-Алтай, Булган, Өвөрхангай, Дундговь, Хэнтий аймагт 1,3 – 39,1 хувиар буурсан байна. Давж заалдах шатны шүүхүүд иргэний 422 хэрэг хянан хэлэлцжээ. Хяналтын шатны журмаар иргэний 227 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Захиргааны хэргийн шүүхүүд 2012 оны I улиралд 194 хэргийг хянаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 26 хэргээр буюу 11,8 хувиар буурсан байна. Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар 133 хэргийг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны журмаар захиргааны 49 хэргийг хянан хэлэлцсэн байна.

Бусад асуудлаар:

Монгол Улсын шүүх бүгд 3693  хүнд захиргааны арга хэмжээ авсны дотор 307 хүнийг 2 сая 308 мянган  төгрөгөөр торгож, 3386  хүнд баривчлах  шийтгэл ногдуулсан байна. 2012 оны эхний 3 сарын  байдлаар шүүхүүд 7  ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлж, 306  хоригдлыг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, 5  хоригдлын үлдсэн хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольж, хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай 18 санал дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, 5 хоригдлын ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, 109  хоригдлын ял эдлэх дэглэмийг бууруулжээ. Тайлангийн хугацаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасны дагуу 202 сэжигтнийг албадан саатуулах тухай материалыг хүлээн авч, 190  сэжигтнийг  баривчлах зөвшөөрөл олгож, 12 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгохоос татгалзаж, 60 дугаар зүйлд заасан үндэслэлээр 60 сэжигтэнг суллажээ. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар 1105 хүнийг сэжигтэн, яллагдагчаар цагдан хорьж, 104  хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзаж,  958  хүний цагдан хорих хугацааг сунгасан байна. Иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад улсын тэмдэгтийн хураамжид     567,6  сая  төгрөгийг улсын болон орон нутгийн орлогод оруулжээ гэж Улсын дээд шүүхээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж