Үндсэн хуулийг өөрчлөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг өөрчлөхийг шаардав

Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч Аунг Сан Суу Кий болон түүний намаас парламентад сонгогдсон бусад гишүүд өнөөдөр үндсэн хуулийн тангараг өргөдөг парламентын нээлтэд оролцохоос татгалзжээ. Учир нь Аунг Сан Суу Кийн нам цэргийн хатуу дэглэм тогтоосон 2008 оны үндсэн хуулийг өөрчлөхийг хүсч байгаа юм.  Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг оруулахаас нааш парламентын чуулганд оролцохгүй гэдгээ энэ дөрөвдүгээр сарын 1-нд түүхэн ялалт байгуулж олонхи болсон Аунг Сан Суу Кийн нам мэдэгдсэн байна. Бирмийн одоогийн үндсэн хуульд заасны дагуу парламентын суудлын 25 хувийг цэргийнхэн сонгуульд өрсөлдөхгүйгээр эзэмших тухай заасныг Аунг Сан Суу Кийн нам ардчилсан зарчим биш гэж үзэж байгаа юм. Түүнээс гадна тус улсын үндсэн хуульд зааснаар гэр бүлийн аль нэг гишүүн эсвэл хамаатан нь гадаадын иргэн бол Бирмийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй байдаг аж. Энэ заалт нь Их Британийн иргэнтэй гэрлэж, хоёр хүүхэд төрүүлсэн Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч Аунг Сан Суу Кийн эрхэд шууд халдаж байгаа юм. Бирмийн Ерөнхийлөгч Тейн Сейн нэг жилийн өмнө төрийн эрхийг авснаас хойш улс төрийн шинэчлэл явуулж байгаа авч Бирм олон улсаас дэмжлэг авахын тулд тус улсын парламентад сөрөг хүчнийг бий болгох зайлшгүй шаардлагатай гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж