Умард Солонгос тусгай “бэлэг” бэлдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Умард Солонгос тусгай “бэлэг” бэлдсэн гэв

Умард Солонгосын зэвсэгт хүчин тун удахгүй БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бакийн засаг захиргааг арчиж хаях тусгай ажиллагаа явуулна хэмээн анхааруулсан байна. БНАСАУ-ын Зэвсэгт хүчнээс тус улсын үндэсний телевизээр өнөөдөр өгсөн мэдэгдэлдээ “Тусгай ажиллагаа ердөө 3-4 минут үргэлжилнэ. Бид өөрсдийн арга барилаар, урьд хожид байгаагүй тийм цохилт өгнө” гэжээ. Гэвч уг мэдэгдэлд өөр зүйлийг нарийвчлан дурьдаагүй байна. Умард Солонгосын эрх баригчид сүүлийн үед БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак болон түүний засаг захиргааны эсрэг дайрч давшилсан мэдэгдлийг хийх нь нэмэгдсээр байгаа юм. Умард Солонгос энэ дөрөвдүгээр сарын 13-нд их удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж хиймэл дагуулын пуужин хөөргөсөн ч амжилтгүй болсон. АНУ, БНСУ үүнийг Умард Солонгосын алсын тусгалт пуужинг турших өнгөлөн далдлалт гэж эсэргүүцэж байсан бөгөөд пуужинг хөөргөсний дараа АНУ тус улсад өгөх хүнсний тусламжийн хөтөлбөрөө цуцалсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Умард Солонгос цөмийн болон алсын тусгалт пуужингийн хөтөлбөрөө зогсоож, НҮБ-ын цөмийн шинжээчидтэй хамтран ажиллахаар АНУ –тай хэлэлцээ хийсэн боловч хиймэл дагуулын пуужинг хөөргөсний дараа хэлэлцээ цуцлагдсан билээ. Пхеньянийн эрх баригчид их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион явуулсан тэмдэглэлт үйл явдлуудыг БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак үл тоомсорлож, доромжилсон хэмээн үзэж байгаа юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж