Оросын алдарт жүжигчид Монголд зочилж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Оросын алдарт жүжигчид Монголд зочилж байна

ОХУ, Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд Монгол улсад Оросын урлагийн мастеруудын их наадам энэ сарын 21-28-нийг хүртэл явагдах юм. Өчигдөр Оросын соёл шинжлэх ухааны төвд тус наадам нээлтээ хийн гала тоглолтоор толилууллаа. Энэхүү тоглолтод Оросын киноны алдартай жүжигчин болох  “Кавказад болсон явдал”, “Шурикт тохиолдсон явдал”, “Ахлагч Зруевын долоон сүйт бүсгүй”, “Дүрвэлт”  киноны дүрээрээ Монголчуудын эртний танил жүжигчин Наталья Валерей, “Нар бүгдэд гийнэ”, “Эрээнтэй бараантай хувь тавилан” киноны гол дүрийн жүжигчин Татьяана Конюхова,  “Эрдэнэ нуусан гар”, “Манай үеийн баатар”, “Гучин гурав” кинонд тоглосон жүжигчин С.Светличная,  “Бонивурын зүрх”, “Эрэг рүү чөлөөгөөр”, “Аянга сөрж” киноны гол дүрд тоглосон Оросын ардын жүжигчин Лев Прыгунов, “Анхны хараацай”, “Хүлцэл” киногоороо танил болсон жүжигчин Ия Нинидзе, “Нарыг дагаж гүйх”, “Эр хүн” кинонд тоглосон жүжигчин Тимфей Федоров, “Дайн”, “Бабий Яр”, “Халз мэлзэх” киноны гол дүрийн жүжигчин Эвклид Кюрдзидис болон жүжигчин Игорь Черницкий, Николай Романов нар тус тус оролцон ая дуугаа өргөн барьсан юм. Мөн тоглолтод Орос ардын дууны “Бабье лето” хамтлаг болон этгээд жанрын “Любовь и Магия” хамтлаг оролцож зочлон ирсэн жүжигчдийн тоглосон киноны хэсгүүдээс тайзнаа үзүүлэн тэнд цугласан үзэгчдэд бэлэг барин мэндчиллээ.  
Энэхүү тоглолт өнөөдөр, маргааш Дархан, Эрдэнэт хотын үзэгчдэд хүрэх ажээ. Тоглолтын зэрэгцээ тус Их наадам “Түншид хайрлах содон бэлэг” жүжгээр Монголчуудад бас нэгэн бэлэг барих юм байна. Энэ жүжгийн нээлтийг энэ сарын 24-нд Эрдэнэт хотын үзэгчдэд толилуулах бол 25-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Нийслэлчүүдэд өргөн барих нь ээ. Оросын сор болсон соёл урлагийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо тоглолтоо толилуулахаас гадна Нийслэлийн түүхэн дурсгалт газруудаар аялан зочилж, “Чингис хааны цогцолбор”-ыг үзэж сонирхох юм байна.
Фото зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж