Налайхын талаар мэдээлэл сонслоо

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Налайхын талаар мэдээлэл сонслоо

Налайхын уурхайд гарсан бүлэг ослын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн удирдах ажилтны шуурхайн зөвлөлгөөн дээр танилцуулга хийлээ. Энэ сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Цагаан ташаа” ХХК-ны талбайд далд малталтаар нүүрс олборлолт хийж байсан уурхайд осол гарч 6 хүний амь нас хохирсон байна. Шалгалтын явцад тус компанийн лицензтэй талбай дахь уурхайн нэг аманд хорт хийн ялгаралттай байсан нь тогтоогдсон бөгөөд энэхүү уурхайн амаар хүн ороогүй байна. Харин зэргэлдээх уурхайн амаар орж, нүүрс олборлолт хийж байсан 6 хүн уурхайдаа нас баржээ. Хорт хийн ялгаралттай байсан уурхайн ам, зэргэлдээх уурхайн амууд газар доогуураа малталтын нүхүүдээр холбоотой байснаас хорт хийнд амь насаа алдах нөхцөл бүрэлдсэн ажээ.

Мөн 3 дугаар сарын 16-ны өглөө лицензгүй талбайд ам гарган нүүрс олборлолт хийж байсан уурхайд нэг иргэн агааргүйн улмаас амь насаа алдсан осол гарсан байна. Уг уурхайн амны эзэн гэх иргэн Б өглөө уурхайн гүнд байх агааржуулалтын хоолойг сунгаж угсрах зорилгоор орохдоо агааржуулалтын хоолойг урьдчилан ажиллуулалгүйгээр шууд орсноос уурхайн гүнд орсны дараа агааргүйн улмаас амь насаа алджээ.

Налайх дүүргийн нүүрсний уурхайд 36 аж ахуйн нэгж, байгууллага, 80-120 иргэн, 46 нөхөрлөлийн уурхайн аманд нийт 1000 гаруй хүн ажиллаж, 50-300 метрийн гүнээс олборлолт хийдэг байна. Судалгаагаар тус уурхайд сүүлийн 7 жилд нийт 204 осол гарч, үүнээс 99 хүний амь үрэгдэж, 34 хүн хүндээр бэртэж гэмтэн, 71 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Өнгөрсөн онд мэргэжлийн хяналтын байгууллага, Уул уурхайн аврах албатай хамтарсан шалгалт хийж, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй ажиллаж байсан 16 уурхайн амыг бүр мөсөн зогсоожээ.

Налайхын нүүрсний уурхайн одоогийн байгаа нөхцөл байдлыг нийслэл, дүүргийн засаг захиргааны байгууллагын болон Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд нэг мөр, иж бүрэн шийдвэрлэх ямар ч бололцоогүй гэдэг нь олон удаагийн зохион байгуулсан ажлын үр дүнгээс тодорхой байгаа. Иймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд үндэслэлтэй тооцоо судалгаа хийж, улсаас тодорхой төсөв хөрөнгө баталж, бичил уурхай эрхлэгчдийг өөр ажлын байраар хангах, тус дүүрэгт өөр чиглэлийн үйлдвэрүүд байгуулах, Налайхын уурхайг хаах, лицез эзэмшигчдэд нөхөн төлбөр олгож лицензийг хүчингүй болгох, уурхайн талбайг хамгаалалтанд авах зэргээр тус уурхайн асуудлыг иж бүрэн цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж мэргэжлийн хяналтын байгууллагын ажлын хэсгийнхэн дүгнэжээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж