Хамтарсан нислэгийнхэнд шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Хамтарсан нислэгийнхэнд шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгийн багийн гишүүн ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор өнөөдөр шагнав. Ерөнхийлөгч Монгол, Зөвлөлтийн хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлж, баатарлаг үйлс бүтээсэн ОХУ-ын иргэн, сансрын нисэгч, хошууч генерал Владимир Александрович Жанибеков, сансрын нисэгч Виктор Васильевич Горбатко, сансрын нисэгч, сансрын “Союз-Т4” хөлгийн дарга Владимир Васильевич Ковалёнок, сансрын нисэгч Виктор Васильевич Ляхов нарт Цэргийн гавъяаны улаан тугийн одон гардуулж баяр хүргэлээ.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэнд баяртай байна. Монгол хүн сансарт ниссэнээр манай сансрын нисэгч зуун нэгдэх сансрын нисэгч, Монголын анхны сансрын нисэгч болсон юм.

Монгол Улс төлөөллөө сансарт нисгэсэн 10 дахь орон, сансарт туршилт хийсэн 20 дахь улс болсон. Хоёр орны хамтын ажиллагаа дайны цагт фронтод, энхийн цагт хөдөлмөрийн талбарт, сансарт сансрын хөлөгт үргэлжилсэн билээ. Монголчууд үүнийг үеийн үед бахархан дурсах болно. Өчигдөр Майдаржавын Ганзориг Монгол Улсын баатар боллоо. Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нартаа, мөн хамт  сансарт ниссэн багийнхан та бүхэнд баяр хүргэе. Та бүхэн баатрууд байсан, одоо бас нэг баатартай боллоо. Монгол оронд сайхан зочлохыг хүсье” гэв.

Сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков сансарт ниссэн багийг урьсанд Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Тэрээр “Хамт бэлтгэл сургууль хийсэн, ниссэн найз нөхдийнхөө талаар сураг ажиг байнга тавьдаг. Гүррагчаа маань олон нийтийн том зүтгэлтэн боллоо. Ганзориг маань судалгаа шинжилгээний ажилд хүчин зүтгэснийг өндөр үнэлж,  алдар цол хүртээсэнд биднийг шагнасан мэт их баяртай байна. Өнөөдөр бидний сансарт ниссэн баярын өдөр. Бид шагнал хүлээгээгүй. Гэхдээ биднийг шагнаж, ихээхэн анхаарал тавьж байгаад баяртай байна. Хоёр орны хамтын ажиллагааг шинжлэх ухаан талаас нь дэмжиж байдагт Ерөнхийлөгч танд баярлаж байна. Таныг Байгаль нуурын гүнд  орж, шумбагч болсон гэж сонссон. Та хэзээ сансарын нисэгч болох гэж байна. Бид хоёр дахиа нисэхэд ч бэлэн байгаа шүү. Хоёр орны харилцаа, найрамдал нөхөрлөлийг бүх салбарт бэхжүүлэхийн төлөө бид хичээх болно” гэж шагнагдагсдын өмнөөс хэллээ.

Сансрын нисэгч Ж.Гүррагчаа найзуудыг нь, дайчин нөхдийг нь хүлээн авч уулзсанд баярлаж байгаагаа илэрхийлээд монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойг төр засгаас ихээхэн анхаарч, олон сайхан арга хэмжээ зохион байгуулсныг дурьдав. Тэрээр мөн энэ ойд зориулан Монгол банкнаас сансрын нисэгчийн дүрс бүхий зоос гаргасныг Ерөнхийлөгчид гардуулав.

Энэ үеэр ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Самойленко дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 65 жилийн ойн дурсгалын медаль ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев илгээснийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулан өгөв.

Зохиогчийн эрх: president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж