Надаль, Жоковичийн ялалтын цувралыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Надаль, Жоковичийн ялалтын цувралыг зогсоолоо

Дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаэль Надаль, чансааны хоёрдугаар байрт бичигдэх болсон Новак Жокович нар Америкийн Индиан Уэллст зохиогдсон мастеруудын тэмцээний аваргын төлөө тоглосноос хойш ердөө 24 цагийн дараа Колумбын нийслэл хотноо нөхөрсөг тоглолт хийлээ. Талбайн теннисний хамгийн шилдэг тамирчид тоглосон учраас Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос 14 мянган үзэгчийн нэг болж тоглолтыг үзжээ. Австралийн нээлттэй тэмцээн, мөн Дубайд түрүүлсэн Новак Жокович өнгөрсөн амралтын өдөр Индиан Уэллсийн финалд Рафаэль Надалийг 4-6; 6-3; 6-2-оор хожиж, дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэх эрхтэй болсон. 23 настай Сербийн теннисчин он гарсаар 18 тоглолт дараалан ялагдаагүй гайхалтай амжилттай байсан ч Рафаэль Надаль түүний амжилтыг зогсоожээ. Хамгийн сүүлд зургаан сарын өмнө Токиогийн нээлттэй тэмцээнд түрүүлснээс хойш ямар нэгэн цом аваагүй Рафаэль Надаль энэ оныг шөрмөсний гэмтэлтэй угтсан. Тиймээс Колумбид болсон тоглолтоор өөрийгөө эргэн харуулах зорилготой талбайд гарсан байна. Үүндээ ч эхний сетэд хүржээ. Уг нь тоглолт тэнцүү үргэлжилж тай-брек хүрсэн ч 9-7-оор Испанийн теннисчин ялалт байгуулж, давуу байдлыг олж авсан байна. Дараагийн сетэд ч Надаль брейк хийж 6-3-аар хожсоноор нөхөрсөг тоглолтын ялагчаар тодорлоо.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж