
Тус зээлэн дээр Олон улсын валютын сангийн зээл мөн нэмэгдэх болно. Европын комиссын гишүүн Olli Rehn “Грекийн зээл үр дүнтэй байх болно” гэж мэдэгдсэн байна. Грекийн Засгийн газрын нийт өр 300 тэрбум евро болоод байгаа бөгөөд үүнээс 11.5 тэрбум еврог ирэх сард төлөх ёстой байгаа. Грекийн Засгийн газар албан ёсоор зээл хүссэн хүсэлт тавьсны дараа Грект олгох зээлийн хүүг эцсийн байдлаар тогтооно. Грекийн Засгийн газар өдийг хүртэл албан ёсоор зөвшөөрөл хүсээгүй байна. Грекийн Засгийн газар Олон улсын валютын сан болон еврозоны гишүүн улсуудаас тусламж хүсээгүй байгаа ч түүнд өөр сонголт бараг байхгүй гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Грек зээлийн хямралд ороод олон сар болж байгаа бөгөөд хөрөнгийн зах зээл дээр гаргасан бондын хүү нь улам бүр өссөөр байгаа юм. Хэрвээ Грек олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хангалттай хөрөнгө оруулалт татаж чадахгүй бол Европын холбоо, Олон улсын валютын сан хамтран 22 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэх үзүүлэх болно гэж өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Грекийн Засгийн газрын бондын хүү өссөөр байгаа бөгөөд одоогийн байдлаар 7.5 хувь болоод байна.
Зээлийн олон улсын тэргүүлэх агентлаг “Fitch” Грекийн засгийн газрын зээлжих чадварын үзүүлэлтийг өнгөрсөн баасан гаригт бууруулсан. “Fitch” Грекийн зээлжих чадварыг хоёр оноогоор бууруулж “BBB+” байсныг “BBB-“ болгож бууруулсан. Хэрвээ “Fitch”-ийн хойноос “Standard & Poor”, “Moody” нар орж, Грекийн зээлжих чадварыг бууруулбал гол санхүүгийн институтүүд, тэтгэврийн сан зэрэг санхүүгийн байгууллагуудыг Грекийн өрөнд хөрөнгө оруулалт хийхийг хориглох болно. Одоогийн байдлаар Грекийн санхүүгийн байдал, зээлжих чадварыг “Standard & Poor” – “BBB+” гэж үнэлж байгаа бол “Moody” – “A2” гэж үнэлж байна.
Т.Санаа