Нэгдүгээр шатны сонгуулийн ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр шатны сонгуулийн ерөнхийлөгч

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт ням гаригт эхэллээ. Гол өрсөлдөгч Франсуа Олландаас хоцорч  явсан Николя Саркозийн хоцрогдол бараг алга болжээ. Өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркози гурав ба дөрөвдүгээр сарын эхээр байр сууриа бэхжүүлж, зарим нэг мэдээгээр сошциалист Франсуа Олландыг ардаа орхисон байв. Гэвч тэр нь түүнийг дахин ерөнхийлөгчөөр сонгогдоход хангалттгүй байж болох талтай. Олон нийтийн санал асуулгын бараг бүх институтууд Олландад ялалт өгч байна. Тэрээр эхний шатанд 27-29,5 хувийн санал авах бол Саркози 26-27 хувьтай байх гэнэ. Дараагийн хоёрдугаар шатны сонгуулиар Олланд 53–58 хувийн саналаар 42-47 хувийн санал авах Саркозийг ялах ажээ. Sofitel зочид буудалд дуулиан тарьсан Доминик Стросс-Каныг орлон гарч ирсэн, идэвх муутай харагдах Олландтай харьцуулахад Саркози эрч хүч сайтай ерөнхийлөгч гэгдэж байсан. Гэвч эхний шатны сонгуулийн санал асуулгаар Саркози өрсөлдөгчөө яаж ийгээд дийлж байгаа бол  хоёрдугаар шатны талаарх санал асуулгаар тэр ялж чадахгүйг хэн хүнгүй хэлж байв. Сүүлийн санал асуулгаар Олланд Саркозийг ялна гэдэгт францчууд итгэлтэй байна. Түүнийг барууны чиг хандлагатай хуучин сайд нар дэмжиж байна. Хотын бодлогын Төрийн нарийн бичгийн дарга байсан Фадела Амара, Жак Ширакийн Засгийн газрын Экологийн сайд асан Корин Лепаж нар Олландыг дэмжив. Жак Ширак өөрөө түүний төлөө санал өгнө гэсэн мэдээ ч хэвлэлээр гарлаа. Харин Ширакийн эхнэр Бернадетт өнөөгийн ерөнхийлөгчийг дэмжигч гэнэ.
Баячуудын ерөнхийлөгч гэсэн нэр алдар, хэв маяг болоод ажилгүйдлийн өндөр төвшин зэргээр Саркози францчуудыг өөрөөсөө түлхэж байна. Ажилгүйдэл нь эдийн засаг, санхүүгийн хямралын үр дагавар болсон бол Саркозийг амлалтаа биелүүлээгүй гэсэн бодол францчуудад баттай суусан байна. Тэдний 44 хувь нь Олландыг ерөнхийлөгч болоосой гэж хүсч байгаа. Харин Саркозийн төлөө 33 хувь нь байгаа ажээ.

“Сонгогчид түүнийг мөрийн хөтөлбөрөө хангалтгүй биелүүлж байна гэж үзэх болов. Мөн нэгдсэн чиг шугамгүй гэх сэтгэгдэл төрөх болжээ. Тэр олон санаа дэвшүүлэх авч биелэлтээ тааруу хянадаг гэж түүнийг үзэх болсон” гэх тайлбарыг улс төр судлаач Брюно Котрес хийлээ. Николя Саркози өөрөө олон нийтийн судалгаанд ач холбогдол өгөхгүй гэдэг. Тэрбээр хамгийн сүүлд өөрийн талын олон хүнийг Зөввшилцлийн талбайд цуглуулан 120 мянган хүний өмнө үг хэлэв. Саркози Францын ард түмэнд дотно улстөрчдөөр Засгийн газраа байгуулна гэж амлаад, нэгдүгээр шатны сонгуулийн дараа ирээдүйн ерөнхий сайдыг нэрлэнэ гэв. Хэвлэлийнхэн түүнийг энэ суудалд төвийг сахисан үзэлтэн Франсуа Байруг дэвшүүлнэ гэж таамаглав. Франсуа Байру нь олон нийтийн санал асуулгаар хамгийн алдартай таван улстөрчийн нэг ажээ. 

Сонгуулийн өмнөх хүчний харьцаанд сонгуулийн ирж хамгийн гол хүчин зүйлсийн нэг болж байгаа юм. Эхний шатны сонгуулиар сонгогчдын оролцоо 29 хувьд ч хүрэхгүй байж магад. 2002 оны сонгуулиар ирц 28 хувьтай байхад хэт барууны “Үндэсний фронтын” лидер Жан-Мари Ле Пен хоёрдугаар шатны санал хураалтад Жак Ширакийн хамт гарч ирсэн байлаа. Өнөөдөр сонгогчид санал өгөхөөр зүтгэхгүй байгаа нь ямар нэгэн өөрчлөлт гарахгүйд итгэсэн итгэл юм. Нэр дэвшигч нарын эдийн засгийн хөтөлбөрүүд нь тус орныг хямралаас гаргах талаар бараг хоорондоо ялгаагүй шахуу байгаа юм. Дараагийн жилд Францын эдийн засгийн өсөлт 1,7 хувьтай байна гэж Саркози, Олланд хоёр үзсэн байна. Хоёр нэр дэвшигч 2013 онд төвийн алдагдлаа бараг бүтэхээргүй гурван хувь хүртэл буулгана гэжээ.

Шинжээчид тэдний сонгуулийн амлалтад таатай хандахгүй байгаа. Судалгааны Institut de lenterprise институт тэмдэглэхдээ Саркозийн амлалтын биелэлтэд 11,4 тэрбум евро төсөвт дутагдана гэв. Олланд татварын орлогыг 44 тэрбум еврод хүргэнэ гэж байгаа нь бүтэхгүй бөгөөд Institut Montaigne институтын үнэлгээгээр зөвхөн 38,6 тэрбум татвар цуглуулж чадах аж.

Сонгуулийн эхний шатны албан ёсны кампани бямба гаригт шилжих шөнө төгсөв. Бямба гаригт ямар нэг сурталчилгаагүй өдөр байлаа. Хуулийн энэ заалтыг зөрчвөл 3750 еврогоор торгох байв. Мөн санал хураалтын өдөр олон нийтийн санал асуулга явуулж дүнгий нь нийтлэх хориотой. Түүнийг зөрчвөл 75 мянган еврогоор торгуулдаг ажээ. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчдийн чансаа хэвээр байв. Олон хүн оролцсон цуглаан ч тэдний чансаанд нөлөөлсөнгүйг Harris Interactive институтын тэргүүн Жан-Даниэль Леви өгүүлэв. Олланд, Саркози хоёрын хоёр пунктын зөрөө нь статистикийн байж болох эрсдлийн төвшинд байгааг BVA институтын тэргүүн Гаель Слиман хэлж байна.

Ерөнхийлөгчийн сонгууль эхлэв

Францын далайн чанадын эзэмшлийн нутаг дэвсгэр болон Латин Америкт амьдарч байгаа францчуудын хувьд өнгөрсөн бямба гаригаас ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлжээ.


Сонгуулийн эхний шатанд францчууд 10 нэр дэвшигчээс сонголтоо хийх ба хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч тавдугаар сарын 6-нд хоёрдугаар шатны сонгуулиар өрсөлдөн ерөнхийлөгч тодрох юм.

Эх газрын Францад орон нутгийн цагаар ням гаригийн өглөөний  8.00 (15.00 Улаан баатрын цагаар) санал хураалт эхэллээ. Хамгийн түрүүнд Канадаас баруун зүгт орших Сен-Пьер ба Микелон арлуудад санал хураах дөрвөн байр нээгдсэн байлаа. Эдгээр арлуудад 4,9 мянган сонгогчид байна. Мөн бямба гаригт Өмнөд Америк дахь Францын Гвиан, Карибийн бүсийн Гваделупа, Мартиника, Сен-Бартелеми ба Сен-мартен арлын Францын эзэмшлийн хэсэг, Номхон далайн Францын Поленезийн арлуудын 900 мянган францчууд саналаа өгч эхэлжээ.

Хойд ба Өмнөд Америкт амьдардаг францчуудын 44 мянган сонгогчдоос мөн бямба гаригт санал авсан байна. Нью-Йорк хотноо 23 мянган францчууд санал өглөө. Бразилид 15 мянган францчууд байдаг. Энэтхэгийн далай дахь Реюньон, Майотта арлууд, Номхон далайн Шинэ Каледони, Уиллис ба Футуна арлуудад санал хураалт эх газрын Франц шиг ням гаригт явагджээ. Эдгээр нутаг дэвсгэрт 1,15 сая францчууд сонгогчоор бүртгэгдсэн байгаа.

Эдгээр газар нутгийн сонгуулийн дүн Улаанбаатрын цагаар даваа гаригт шилжих шөнө дундаас хойш гарч эхэлнэ. Нийтдээ 44,5 сая сонгогчид санал өгөх ёстой.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж