“Нүүдэлчин хүүхдийн номын сан”-г дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

“Нүүдэлчин хүүхдийн номын сан”-г дэлгэнэ

“Цагаандариум” арт галерейд дөрөвдүгээр сарын 26-нд 18.00 цагт “Нүүдэлчин хүүхдийн номын сан” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн нь хүүхдийн номын зураач, магистр, график дизайнер Түмэнбаярын Хулангийн тав дахь бие даасан үзэсгэлэн юм. Тэрбээр тус үзэсгэлэндээ 2006-2011 оны хооронд бүтээсэн нийт 1000 орчим бүтээл болох зураасан зураг, компьютер уран зураг, цаасан зураг, гар хийцийн зурагт ном, ил захидал, захидлын цаас, дугтуй гэх мэт төрөл бүрийн бүтээлүүдээс 100 гаруй бүтээлийг сонгон эдгээр бүтээлээс бүрдсэн есөн төрлийн хүүхдийн номыг дэлгэх юм байна. Тэрбээр эдгээр номнуудыг Японы уламжлалт хүүхдийн номын урлагийн төрөл болох гар хийцийн номын урсгалыг ашиглан бүтээжээ. Энэ үзэсгэлэн нь хүүхдийн номын зургийн төрлөөр Монголд анх удаагаа болж буйгаараа онцлог үзэсгэлэн юм.

Уран бүтээлч Т.Хулан үзэсгэлэнгийнхээ тухай “Нүүдэлчин хүүхдийн номын сан” үзэсгэлэн нь монгол хүүхэд бүхэнд нүүдэлчдийн өв болох аман зохиол, амнаас ам дамжин ирдэг үлгэр домгийг уншин суралцаж, бие хүн болох, хүмүүжлийн анхан шатны мэдэгдэхүүнийг авахад чухал нөлөө үзүүлэх байх аа. Монгол хүн, нүүдэлчин удам угсаагаа үл мартаж, “Би монгол хүн” гэдэг тодотголыг цаг ямагт санан эх орныхоо бахархлыг өндөрт өргөх нь чухал. Үндэстний өв соёлоо хайрлаж хамгаалах чин эрмэлзлээр хүүхэд бүрт өөрийн номыг зургийн хэлээр дамжуулан өөрийн үзэл бодол урлагийн ертөнцийг олонд хүргэх гэсэн хүсэлтэй юм. Тиймээс “Нүүдэлчин хүүхдийн номын сан” гэж нэрлэсэн. Энэ үзэсгэлэнгээ арлын Япон улсад гаргасан ба Монгол хүүхдүүддээ анх удаагаа дэлгэн тавьж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Үзэсгэлэн “Цагаандариум” арт галлерейд ирэх тавдугаар сарын 16 хүртэл нийтийн хүртээл болно.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж