“Аравт” кино үзэгчдийн хүртээл боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

“Аравт” кино үзэгчдийн хүртээл боллоо

“Монгол фильм” групп, Өвөрмонголын “Нүүдэл соёл” компанийн хамтын бүтээл “Аравт” түүхэн уран сайхны кино өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Гурван жил үргэлжилсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажилласан бол киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн юм. Харин түүхэн киноны гол дүрүүдэд Монголын талаас Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, Г.Золбоот, Н.Онон, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Д.Ганцэцэг нар, харин Өвөрмонголын талаас Б.Баасанжав, Б.Аюурдарь, Л.Жамбал, Ч.Бодь, Э.Буянхишиг нар тогложээ.

Гадна, дотны уран бүтээлчид найман зууны тэртээх Чингис хааны тухай тайз, дэлгэцийн бүтээл олныг амилуулсан. Гэвч түүхэн үйл хэргийн амин судас, хөшүүрэг нь болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч, тэмцэж, хооллож, ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд, дайны бэрхийг нэгэн санаа, нийтийн хүчээр хэрхэн туулж, ялахын ид хав, ялагдахын гуниг зовлонг хэрхэн хуваалцаж явсныг харуулсан бүтээл олонгүй. Харин “Аравт” уран сайхны киноноос дээрх бүгдийг үзэж болох юм.

Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан:

-“Аравт” түүхэн кинонд бүтээсэн дүрийнхээ тухай танилцуулаач?

-Өвөрмөц oнцлогтой кино болсон болов уу гэж бодож байгаа. Миний бие “Аравт” кинонд арван цэргийн нэг болох Есөнтэхийн дүрийг бүтээсэн. Эдгээр цэргүүд бүгд дайчин, баатарлаг, өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой цэргүүд. Тэдний нэг төлөөлөл болж, кинонд оролцон тоглолоо.

-Хамтран тоглосон уран бүтээлчдийн хувьд, ялангуяа өвөрмонголын уран бүтээлчдийн тухайд ямар сэтгэгдэл төрж байв?

-“Чингис хаан” кинонд тоглож байсан, Өвөрмонголын жүжигчин Баасан ах үнэхээр сайн жүжигчин гэдгээ харуулсан. Жүжигчдийн тоглолтын хувьд мэргэжлийн нүдээр харахад бага зэргийн ялгаа байгаа юм шиг санагдсан. Бид нар харьцангүй европ школоор явсан шүү дээ. Тиймээс бага зэргийн ялгаа анзаарагдсан. Үзэгчид маань үүнийг өөрсдөө ялгаж, салгах биз ээ.

Жүжигчин Б.Амарсайхан:

-Удаан хүлээлгэсэн “Аравт” кино бэлэн болжээ. Догдолж байна уу?

-Хүүхдүүд шинэ жилийн баярыг хэрхэн хүлээж, догдолдог билээ, яг тийм л атмосфер, агаартай явж байна даа, би.  Киногоо үзээгүй байгаа. Хоёр орны уран бүтээлчид хамтарч хийсэн болохоор үзэгчид ямар сэтгэгдэлтэй гарч ирэх бол гэдэгт санаа зовж байна. Киноны нээлт яг л тийм мөч байдаг шүү дээ.

-Өөрийн бүтээсэн дүрийн тухайд?

-Би аравтын нэг цэрэгт тоглосон. Баатар гэдгээс илүү цэрэг гэдгээр нь хүлээн авбал илүү ойлгох болов уу. Цэрэг болгон баатар байдаггүй. Гавьяа байгуулсан хүнийг л баатар гэдэг шүү дээ. Тиймээс би хувьдаа цэрэг гэдэг үүднээс нь илүү ач холбогдол өгч, тоглосон. Энэ дүр тийм ч амар байгаагүй ээ. Байлдаантай, бүх юмаа өөрсдөө хийж байгаа гэдэг утгаараа хэцүү, хариуцлагатай байсан.

-Өвөрмонголын жүжигчдийн тухайд?

-Маш гоё шүү дээ. Үнэхээр хэлэх ч үг байхгүй. Баасан ах, Жамбал ах гээд Өвөрмонголын агуу найруулагчид гэхэд ямар ч их зан байхгүй нь хамгийн гоё. Дэндүү энгийн. Чи хэд дүгээр дэсийн жүжигчин гэж харьцахгүй байгаа нь маш гоё. Түрүүлж оддын өвчин тусаагүй байдаг юм билээ.

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам:

-“Аравт” киноны тухай сэтгэгдлээ хуваалцана уу?

-Түүхэн гэхээсээ илүү уран сайхны кино шүү дээ. Аристотелийн хэлсэн үг байдаг. “Түүх яг байгааг байгаагаар нь харуулдаг, утга зохиол урлаг бол ямар байсныг, байгааг нь, байхыг харуулдгаараа онцгой юм” гэж. Тэгэхээр монгол туургатан даяараа энэ дүгнэлтэд хүртэхүйц бүтээл болсон гэж би харсан. Миний оролцоо их бага. Би Чингис хааны төлөөллийн нэг баатар буюу Догшин ноён гэдэг нэртэй дүрийг бүтээсэн. Түүхэн гэхээсээ илүү уран сайхны дүр болсон. Кино миний тоглосон дүрээр эхэлж, тэр дүрээр жаргадаг. Дунд талын үйл явдал бол Чингис хааны үеийн аравтын зохион байгуулалт, арван цэргийн тухайн үед амьдарч, тэмцэж байсныг уран сайхны дүрслэлээр харуулсан кино болсон.

-Киноны онцлог нь юу байв?

-Найруулагч Д.Золбаярын ажиллагаа их нягт, хяналтын дэлгэцэн дээр өөрөө үзэгчдэд хүрэх тэр бүх боломжоо олж харж, найруулдаг найруулагч юм байна гэж харсан. Шинэ залуу найруулагчтай ажиллахад их таатай байлаа. Бид бие биенээсээ  их зүйл сурсан. БНХАУ-ын нэгдүгээр дэсийн жүжигчин Баасанжавтай хамт нэг кадрт орж тоглосон Монгол туургатны кино боллоо. Эдгээр хүчтэй авьяастнууд дэлгэцийн урлагаар дэлхийд гарах тийм их боломж эндээс эхэллээ гэж бардам, бахархам хэлэх байна. Оролцсон бүх уран бүтээлчид сайхан байсан. Бүгдэд нь талархал дэвшүүлье.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж