Өнөөдөр Ард түмний амлалт нэхэх холбоо, “Эх орон тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс мэдээлэл хийж дөрөвдүгээр сарын 22-нд Ард түмний хуралдайг хийх болсон тухайгаа зарлалаа. Энэхүү хуралдайгаар эрх баригчдын хийж буй үйлдэл, гаргасан тогтоол, шийдвэрийг хэлэлцэх аж. Энэ хуралдайд зөвхөн нийслэлчүүдээр зогсохгүй хөдөө орон нутгийнхныг ч өргөнөөр хамруулах гэнэ. Тиймээс бүх сумдаар өөрсдийн төлөөллөө явуулж хөдөө орон нутгийн иргэдийг авчруулах аж. Ингэхэд шаардагдах зардлыг одоогоор хараахан олоогүй аж. Тиймээс хуралдайг дэмжсэн иргэдийг дэмжлэг үзүүлэхийг уриаллаа. Өнгөрсөн жилийн өдийд тэд мөн “их хуралдай”-г хийж байсан бөгөөд хуралдайгаасаа гаргасан шаардлагыг УИХ-д хүргүүлж, өлсгөлөн зарлаж байсан юм.
С.Отгон