Мөн “Mongolian Mining Journal” сэтгүүл хэвлэл мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд геологи хайгуул, ханган нийлүүлэлт, аюулгүйн ажиллагаа, нөхөн сэргээлт, өрөмдлөг, тэсэлгээ гээд уул уурхайн бүхий л чиглэлийн 80 гаруй компани өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж байна. Үүнээс 40 гаруй аж ахуйн нэгж нь дэлхийн 15 орны төлөөлөгчид юм.
Үзэсгэлэнг нээж, ЭБЭХЯ-ны Уул уурхайн хүнд үйлдвэр, бодлогын газрын орлогч дарга Ч.Цогтбаатар үг хэлсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Б.Лхагважав, МҮХАҮТ-ын Орлогч дарга З.Янсанжав, Зохион байгуулах хорооны дарга, Үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэнгийн тэргүүн Л.Батбаяр , “All World Еxpo” группын Азийн зах зээл хариуцсан захирал Брэндон Женкинс, “Mongolian Mining Journal” сэтгүүлийн Маркетингийн албаны дарга
Л.Батбаяр, “Mining.mn” вэб сайтын ерөнхий захирал Б.Алтаншагай нар оролцсоноос гадна Монгол дахь Элчин сайдын яамдын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.
Үзэсгэлэнг Зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга “2011 онд анхны үзэсгэлэнгээ зохион байгуулж байлаа. Тухайн үед дотоодын 60 гаруй аж ахуйн нэгж оролцож байсан бол энэ удаад үйл ажиллагаа маань өргөжин тэлж, дэлхийн 15 улсын зочид төлөөлөгчид оролцож, жинхэнэ утгаараа олон улсын чанартай арга хэмжээ болж байна. Үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын тоо нэмэгдэх нь чухал бус харин Монгол улсын уул уурхай, бүтээн байгуулалтын салбарт хэрэгтэй технологийг нэвтрүүлэх, үр ашигтай, далайцтай хамтын ажиллагааны хэлцлүүд хийгдэх нь энэхүү арга хэмжээний хамгийн том зорилго юм” гэдгийг онцолж байна.
“Мишээл экспо” төвд нээгдсэн энэхүү үзэсгэлэн маргааш бүтэн өдөр үргэлжлэх юм. Энэхүү үзэсгэлэнгээс хэрэгцээт техник, тоног төхөөрөмжөө худалдан авахаас гадна хамтран ажиллах түншээ олох боломжтойгоороо давуу талтай.
Э.Од