Раул ирэх улиралд “Шальке”-д тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Раул ирэх улиралд “Шальке”-д тоглохгүй

Испанийн шигшээ багийн довтлогч асан Раул Гонзалес ирэх улиралд Германы “Шальке 04” багт тоглохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр улирал дуусгаад Германыг орхих бодолтой байгаа гэнэ.

Ирэх зургадугаар сард 35 нас хүрэх испани довтлогч бусад багуудаас хоёр санал хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн ч аль улсын, ямар клуб гэдгийг хэлээгүй байна. “Реал Мадрид” болон Испанийн шигшээ багийн ахлагч асан Раулд “Шальке”-гээс шинэ гэрээ санал болгосон ч тэр хэдийнэ клубыг орхих шийдвэрээ гаргасан байсан гэж багийн зүгээс мэдэгдсэн байна.

“Би дахин Шальке 04 багт тоглохгүй гэсэн шийдвэрт хүрснийг та бүхэн мэдээсэй гэж хүсч байна. Энэ шийдвэрийг гаргахад надад үнэхээр хүнд байсан. Гэхдээ би энэ талаар их удаан бодсон. Багийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Багийн ерөнхийлөгч, менежер болон бусад хүмүүс миний энэ шийдвэрийг ойлгож хүлээн авна гэдэгт итгэж байна. Хувь хүний зүгээс миний амьдралын зөв шийдвэр боллоо гэж найдаж байгаа” хэмээн Раул хэлжээ. 

Энэ шийдвэр гэрээний мөнгөн дүнгээс үүдэн гарчээ. Клубын удирдлагууд Раулын авдаг долоон сая еврогийн цалинг багасгаж, гурван сая еврог санал болгосон ч тоглогч хүлээж аваагүй байна. Гэхдээ клубын зүгээс түүнд хүндэтгэл үзүүлж, 7 дугаарыг нь мөнхжүүлж магадгүй гэнэ. Раул 2010 онд “Реал Мадрид”-ыг орхин Германы багт ирж байсан бөгөөд нийт 94 тоглолтод оролцож, 39 гоол оруулсан байна. Өнгөрсөн жил “Шальке 04” баг Германы цомд түрүүлснээс гадна Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан нь томоохон амжилт болсон юм. Одоо улирал дуусахад гурван тоглолт үлдээд байгаа. “Шальке 04” Бундеслигийн гуравдугаар байрт яваа бөгөөд ирэх жил Аваргуудын лигт өрсөлдөх боломжтой гэсэн үг юм. Харин үлдсэн тоглолтуудаас оноо авах чухал шаардлагатай юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж