“Парламентын шинэчлэл” сэдвээр ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

“Парламентын шинэчлэл” сэдвээр ярилцлаа

МАН-аас өнөөдөр “Парламентын шинэчлэлд улстөрийн намуудын үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал нь Монгол Улсын парламентын тогтолцоог боловсронгуй болгоход дээд, доод гэсэн хоёр танхимтай байх явдал гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн хэлснээр одоогийн 76 гишүүн хоорондоо хуйвалдахад маш амархан. Хэрвээ дээд, доод танхимтай болчихвол бие биенээ хянах бололцоотой болно. Нөгөө талаасаа олон хүнийг хуйвалдаанд татахад амаргүй гэж үзэж байна. Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Монгол шиг жижиг оронд парламентын засаглал маш тохиромжтой. Хэрвээ парламентыг дээд, доод гэсэн танхимтай болговол улсад хэрэгтэй, илүү олон нийтийн төлөөллийн зарчим хангагдана. Тэр хэрээр хэлэлцэж байгаа асуудал илүү боловсронгуй чамбайрч батлагдана” гэж үзэж байна. Мөн тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвших хүний насыг 55 наснаас дээш гэж тогтоох нь чухал байна хэмээлээ. “Ингэхгүй бол төрийн өндөр албанаас буусныхаа дараа тогтуун сууж чаддаггүй, улстөрийг бужигнуулаад эхэлдэг. Хэрвээ 55 настай хүн Ерөнхийлөгчөөр сонгогдоод найман жил боллоо гэхэд 63 насандаа бууна. Нас өндөр гарсан хүн ном бичээд намбайгаад суухаас өөр юу хийх билээ” гэв.
Харин хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд хэлэхдээ “Парламентын тогтолцоог шинэчлэх асуудал зөвхөн УИХ-д төлөөлөлтэй хоёр намын ажил биш. Улстөрийн бүх намуудын зөвшилцөл, нийгмийн зөвшилцөл дээр хийгдэх том ажил учраас та бүхнийг өнөөдөр энэ танхимд урьж, санаа бодлыг сонсъё гэж бодсон юм. Уулзалтын зорилго ч биеллээ оллоо. Хэлснээ ажил хэрэг болгохын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлах ёстой. Энэ ч утгаараа бүх намууд нэгдэж, ажиллах ёстой гэсэн юм.   
Тус хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Иргэний зориг намын дарга С.Оюун, Монголын ногоон намын дарга Д.Энхбат, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмон, Уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд болон УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил нар оролцлоо. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж