Ашигт малтмалын газраас “Саусгоби Сэндс”-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсний дараа тус компанийн хувьцааны ханш суларсан. Хонконгийн Хөрөнгийн бирж дээрх нэгж хувьцааны ханш нь ганцхан өдрийн дотор 11.1 хувиар буурав. Үүнтэй зэрэгцээд Торонтогийн Хөрөнгийн бирж дээрх “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш 5.5, Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 5.3 хувиар буурсан юм. Бүр 2009 оноос хойшхи хамгийн бага үнэлгээтэй болсон байна. Хэдийгээр “Саусгоби Сэндс”-ийн төв компани болох “Саусгоби Ресурсез”-ээс “Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай ямар ч албан ёсны мэдээлэл ирээгүй” гэсэн боловч хэрэв ирсэн тохиолдолд үйл ажиллагаа нь бүхэлдээ зогсоно гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Асуудал цаашид хэрхэн өрнөх нь одоо ч тодорхойгүй байна.
“Айвенхоу Майнз”-ын мэдэлд байдаг ордуудаас хамгийн том нь Оюутолгой. Түүнээс гадна Казахстаны Кызылийн алтны уурхайн 50 хувь, Монгол болон өмнөд Америкт томоохон ордтой “Entre Gold”-ийн хувьцааны 14 хувь, Австралийн Клонкарийн зэсийн орд болон Вайт дэмийн алтны ордыг мэдэлдээ авсан “Экско Ресурсез”-ийн 14 хувийг эзэмшдэг билээ.
Р.Фрийдланд уг нь нэлээд эртнээс Оюутолгойг “Рио Тинто”-д алдахгүй гэж хичээж байсан юм. Ингэхийн тулд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хөндөж, “Рио Тинто”-ийн мэдэл дэх хувьцааны хэмжээг нэмэхгүй байхыг хичээж байлаа. Гэвч хоёр тал олон улсын арбитрын шүүхэд хандаж, энэ хэрэг “Рио Тинто”-ийн талд нааштайгаар шийдэгдсэн. Үүнээс болж өнгөрсөн нэгдүгээр сард Р.Фрийдланд “Рио Тинто”-д хувьцааныхаа 51 хүртэлх хувийг худалдахаас өөр аргагүй болсон юм. Харин “Саусгоби Сэндс”-ийг худалдан авч байгаа “Чалько”-ийн толгой компани болох “Чайналко” Оюутолгойн хөрөнгө оруулагчдын эгнээнд багтахыг оролдож, “Рио Тинто”-той хамтрах санал тавьж байсан түүхтэй. Гэвч тухайн үед “Чайналко”-д хувьцаагаа худалдахаас татгалзсан “Рио Тинто” хожим нь бууж өгч байв.
“Рио Тинто” компани сүүлийн үед Оюутолгойд нэлээд анхаарал хандуулах болсон. “Dow Jones Newswire”-т мэдээлснээр “Рио Тинто”-ийн зэсийн асуудал хариуцсан захирал Эндрью Хардин энэ тухай онцолжээ. Түүний ярьснаар бол “Рио Тинто”-ийн тал “Айвенхоу Майнз”-ын эзэмшилд байгаа орд газруудаас зөвхөн Оюутолгойг л сонирхож байгаа аж. Одоогийн байдлаар “Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ын нийт хувьцааны 51 хувийг эзэмшиж байна. Харин Р.Фрийдландын мэдэлд 13.7 хувь нь байгаа юм. Уул уурхайн гигант “Рио Тинто”-ийн хувьд саяхан Зимбабве дахь ордуудынхаа эзэмшлийн хувийг алдсан билээ. Зимбабве улсын Засгийн газар гадаадынхны мэдэлд байдаг уул уурхайн компанийн хувьцааны дийлэнх хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Үүний үр дүнд “Рио Тинто”, “Англо-Американ” зэрэг томоохон компаниуд хяналтын хувьцааныхаа 51 хувийг Зимбабвегийн Засгийн газарт өгөхөөр болсон юм. Энэ нь “Рио Тинто”-д томоохон цохилт болсон. Мөн хувьцааны ханш нь огцом буурч байв. Харин “Айвенхоу Майнз”-ын ТУЗ-ийн захирлыг шинээр томилсны дараа “Рио Тинто”-гийн хувьцааны ханш 1.5 хувиар өссөн байна.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин