Мөн уг зөвлөгөөнд БОАЖЯ-аас урилгаар ирсэн Тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн Д.Шижирболд БОАЖЯ-аас 2011 онд барьж буй стратегийн талаар танилцуулж, 2011 оныг усны жил болгон зарласантай холбогдуулан зарим нэг мэдээллийг хийлээ. Үүний дараагаар байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар БОАЖГ-ын дарга М.Идэрбат, БОАЖ-ын талаар баримталж буй бодлого чиглэл сэдвээр ХБХ-ийн БОАЖ-ын мэргэжилтэн Д.Батхүрэл зэрэг холбогдох мэргэжилтнүүд өөр өөрсдийн чиглэлийн дагуу мэдээлэл сонсгол хийсэн юм.
2009 онд Аймгийн засаг дарга байгаль орчныг хамгаалах, сэргээх талаар 10 захирамж гаргаж байсан бол 2010 онд “Зарим ан амьтныг агнах тусгай зөвшөөрлийн тухай”, “Аймгийн агаарын бохирдлыг богино хугацаанд арилгах тухай”, Ой хээрийн түймрээс хамгаалах тухай” зэрэг 9 захирамжыг гаргажээ.
Сүхбаатар аймгийн 84 мянга мкв нутгийн 2.3 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзлэдэг бөгөөд тусгай хамгаалалттай газрын ан амьтан, ховор ургамал сүйдэж байгаад засаг дарга сэтгэл дундуур байгаагаа хэлж Сүхбаатар аймгийн газар нутгийн 66 хувь нь ямар нэгэн лиценз эзэмшигчийн гарт байсан бол өөрийнх нь бүрэн эрхийн хугацаанд 16 хувь болтлоо буурсан тухай дуулгаж байлаа. Мөн Сүхбаатар аймагт аялал жуулчлал хөгжих хамгийн боломжтой газар нутаг гэгдэх Дарьгангын бүс нутгийн байгаль хамгаалагчид хангалтгүй муу ажиллаж байгааг хатуухан шүүмжилж чаддаг хүмүүст нь ажлаа өгөх хэрэгтэй хэмээн шулуухан хэлж байсан юм.
Үүний дараа БОАЖГ-аас салбартаа амжилт гаргасан байцаагч, байгаль хамгаалагчид, идэвхтэн байгаль хамгаалагчиддаа шагнал гардууллаа.
БОАЖГ-ын шагналаар идэвхтэн байгаль хамгаалагч Л.Сарангэрэл, Б.Лхагважав, Гомбожав, Аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр Цэрэнлхам, Х.Туул, У.Энхбаатар, салбарын шагналаар С.Жаргал, Одгэрэл, Засаг даргын баярын бичгээр С.Бибиш, Л.Батсайхан, БОАЖЯ-ны жуух бичгээр А.Дамдинжав нарын хүмүүсийг шагнаж урамшууллаа. Мөн БОАЖГ-ын тэргүүний ажилтан цол тэмдгээр Улсын ахлах байцаагч Г.Ариунболд энгэрээ мялаалаа.
Мөн өнгөрсөн онд нийт байгаль хамгаалагчид, байцаагчдын дунд зарласан уралдаанд нэгдүгээр байр гэж шалгараагүй учир хоёрдугаар байрыг Баруун-Урт сумын байгаль орчны байцаагч Н.Гантулга өргөмжлөл 100 мянган төгрөг, гуравдугаар байрыг Дарьганга сумын байгаль хамгаалагч Оюунгэрэл, Түвшинширээ сумын Батцогт нар тус тус эзлэн 50 мянган төгрөгөөр шагнууллаа.
Урьд өмнө нь болж байгаагүй нэлээд өргөн хэмжээний энэхүү зөвлөгөөнд зөвхөн байгаль хамгаалагчид төдийгүй ойжуулалт, хот тохижилт, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн болон ТББ, холбоо нөхөрлөлүүд оролцон санал бодлоо солилцон үйл хэргээ нэгтгэж байгаа ажээ. Энэхүү зөвлөгөөн өнөөдөр өндөрлөх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага зэрэг асуудлуудаар харилцан ярилцлаа.