
Экс Ерөнхийлөгч “Өргөө” зочид буудал хэмээх хуучин байрны нэгэн орц, “Улаанбаатар таймс” сонин гэж нурсан байшинг би хууль бусаар хувьдаа аваагүй. Тэр байшинг би нураалгаагүй, нураах байсныг нь ч мэдээгүй” гэжээ.
Харин АТГ-ынхан түүнийг баривчлах болсон үндэслэлээ ингэж тайлбарласан юм. “Улсын мөрдөн байцаах газар болон АТГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас хамтарсан мөрдөн байцаах хэсэг байгуулан ажиллаж байна. “Хар дун” компанид тухайн үед 605 сая төгрөгөөр үнэлэгдсэн “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийджээ. Энэ шийдвэрийн дагуу тухайн объектийг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн. “Хар дун” компанийн захирал Б.Хуягийн төрсөн дүү нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад шадар туслах нь байсан Б.Тулга юм. “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараа “Ремиф” компанийн захирал Э.Батшугар тушаал гаргаж, охин компаниа болгосон. “Улаанбаатар таймс” сонины менежментийн хувьчлалыг ч мөн адил хууль бус хийсэн. Тухайн үед нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг менежментийн багт дахин үнэлгээ хийхгүйгээр гэрээнд заасанчлан 369.7 сая төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсэн. Үнэн хэрэгтээ энэ объект 2.1 тэрбум төгрөгийн үнэтэй байв. Гэвч 1.7 тэрбум төгрөгөөр үнэгүйдүүлж, анхны үнэлгээг нь 369.7 сая төгрөгөөр тогтоосон. Нийслэлийн өмчийг ийн завшсан байна” гэж. Н.Энхбаярын хэлсэнчлэн хууль сахиулагчид нурсан байшин, бас хэзээ мөдгүй нурах гэж байгаа хуучин байшингаар шалтаглан түүнийг баривчилсан юм байх. Харин “Улаанбаатар таймс” сониныг хувьчлан авах нэрийдлээр хотын А зэрэглэлийн газрыг өөрийн болгохыг санаархсан нь худлаа гэж үү. Байшингийн орцыг хууль бусаар эзэмших нь байтугай оймс хулгайлсан нөхөр ч хуулийн өмнө хариуцлага хүлээдэг юм шүү. Н.Энхбаярыг эзэн байх үед эрх мэдэлтнүүд хууль завхруулж, энгийн иргэн гар утас хулгайлсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж л байсан. Харин одоо Н.Энхбаяр эзэн биш, иргэн болчихоор хулгай хийсэн хүнд хууль үйлчилдэггүй болох хэрэг үү. Тиймээс экс Ерөнхийлөгч өө, та яг одоо хамт хоригдож байгаа хүмүүсээсээ заавал асуугаарай. “Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад та гэмт хэрэг хийсний улмаас ял шийтгэл сонсож байсан уу. Аль эсвэл хилс хэрэг хүлээж байв уу. Тэр үед хулгай, луйвар хийсэн нөхдөд төр төмөр нударгаа хэрхэн үзүүлж байсан бэ” гэж. Магадгүй, таныг хаан байхад хилс хэрэгт холбогдож, нэр хүнд, эд хөрөнгө, аж амьдралаараа хохирсон хүмүүс ч тэдний дунд байж мэднэ. Халаасны хулгай хийснийхээ төлөөсөнд олон жилийн ял сонссон нэгэн байхыг ч үгүйсгэмгүй. Харин иргэн Н.Энхбаяр, иргэн Дорж хоёрт маш том ялгаа бий. Н.Энхбаяр эзний сэнтийгээс буусан ч эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, бүхэл бүтэн намтай, бас жижиг намуудын нэгдэл буюу улс төрийн холбоотой хүн. Харин хорихын хүйтэн өрөөнд хоног өдрийг өнгөрүүлж буй иргэн Доржид нам байтугай хэн ч байхгүй байх шүү. Гэвч иргэн Н.Энхбаяр, иргэн Дорж хоёр нэг л зүйлээрээ ижилхэн. Хууль бус үйлдэл хийсэн л бол тэд хуулийн өмнө хариуцлага хүлээх жамтай. Тиймээс экс Ерөнхийлөгчийг баривчилсан нь зөв. Хэрэг хийсэн бол гэмээ хүлээж, эс бөгөөс “Авлигын загалмайлсан эцэг” хэмээх “цол”-ыг хууль ёсоор үгүй хийх боломж түүнд гарч ирлээ. Гэхдээ үүнийг түмний хийрхэл биш, төрийн хуулиар тогтооно гэдэгт найдъя.
"Улс төрийн тойм" сонин
