М.Бундмааг хүлээн авч, уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

М.Бундмааг хүлээн авч, уулзлаа

Гавьяатын цол тэмдэг энгэртээ гялалзуулсан жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Бундмааг өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар Эрүүл мэндийн яаманд хүлээн авч, уулзан баяр хүргэлээ. Өнгөрсөн жил Токиод болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, гавьяатын болзлыг биелүүлсэн ч дэлхийн аваргын медалиа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор үнэлүүлсэн М.Бундмаа 2011 он гарсаар Европын цуврал тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, Бакугийн “Masters”-аас хүрэл, “бага дэлхийн аварга” гэгддэг Парисын “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн билээ. Жүдогийн татамид тогтмол амжилт үзүүлж, олон улс, тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж яваа түүний спортын амжилтыг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн нь энэ. Тэрбээр өчигдөр 14.00 цагт Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авсны дараачаар Эрүүл мэндийн яаманд зочилж, С.Ламбаа сайд болон БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нартай уулзсан юм. Энэ үеэр С.Ламбаа сайд М.Бундмаад спортын өндөр амжилт хүсэн ерөөгөөд, “Энд нэг зүйлийг дурсахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө яг энэ ширээний ард суугаад Бундмаадаа Хөдөлмөрийн улаан тугийн гавьяаны одон гардуулаад уйлуулж байсан. Уйлсны хүч ч гарсан юм шиг байна. Улам ч хурцлагдаж, маш том амжилт гаргалаа” хэмээн ярилаа. Үнэхээр ч М.Бундмаа ээлж дараалсан бахдам амжилтын дүнд гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Энэ үеэр М.Бундмаатай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Чамаас гадна Монголын ард түмэн энэ шагналыг хүлээж байсан байх. Сэтгэгдлээ хуваалцаач.

-Сэтгэл маш өндөр байна. Мэдээж намайг дэмждэг, надад итгэл хүлээлгэдэг олон хүмүүсийн ач тусаар Монгол Улсын гавьяат тамирчин болсон гэж бодож байна. Юуны өмнө намайг төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүргэсэн аав ээждээ баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Мөн жүдо бөхийн хамт олон, Монголын жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга сайддаа, шигшээ багийнхаа хамт олондоо маш их баярлаж, талархаж байгаагаа хэлэхийг хүсч байна.

-Гавьяат цолоор шагнуулах болсон тухайгаа хэзээ  мэдсэн бэ?

-Хагас сайны өглөө мэдсэн. Насаа багш маань утасдаад гавьяат болчихсон байна, даваа гаригт шагналаа авна шүү гэж дуулгасан.

-Жүдогийнхон “Олимп” баазад Азийн аваргын бэлтгэлдээ гарчихсан байгаа. Тивийн аваргын өмнө бэлтгэл хэр байна?

-Жүдогийнхон маань Азийн аваргын бэлтгэлээ хийхээр Эрдэнэтэд байдаг “Олимп” баазад бэлтгэлд гарчихсан байгаа. Өнөөдөр шагналаа авчихаад орой нь бэлтгэл рүүгээ буцна даа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж