”Залуу зохион бүтээгч”-ийг дэмжицгээе

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

”Залуу зохион бүтээгч”-ийг дэмжицгээе

Мэдлэгт суурилсан эдийн засагтай улс болох зорилго саяхан болтол холынх санагддаг байлаа. Хэзээнээсээ бэлэнчлэх сэтгэлтэй, үүнийгээ "Бид тэнгэр заяатай болохоороо аль газрын сайн юмыг эдэлж, хэрэглэх тавилантай" гэж ихэрхэн тайлбарладаг ард түмний нэг эд эс учраас ингэх нь ч аргагүй байсан биз. Ардчилсан нийгэмд шилжсэний дараа түүхээрээ хэт бахархаж, Чингис хааны үр сад хэмээн өөрсдийгөө дөвийлгөх байдал хэрээс хэтэрсний гор ингэж илэрч байлаа. 70 жил коммунизмаар хүмүүжиж, өвөг дээдсээ хайр найргүй алуурчин байсан мэтээр тархиа угаалгуулсан ч дотроо үндэс угсаагаа гэсэн үндэсний үзэл нь бугшиж байсан ард түмний хувьд үүнийг буруутгах аргагүй. Гэвч бид дэндүү хэтрүүлсээн. Бид "тэнгэр заяат, баялагтай улс, бүтээгч байх албагүй худалдаад авчихна" гэсэн энэ ойлголт нийгмийн зарим нэг хэсэгт одоо ч байна. Төр засаг ч ихээхэн өөгшүүлэх маягтай. Гэтэл уруудаж доройтож яваа улс түүхээрээ бахархдаг гэсэн бас нэг үг байна.

30 гаруйхан жилийн өмнө сансарт нисч, дэлхийн хэмжээний нээлтүүдийг хийж байсан үндэстэн сүүлийн хэдхэн жилийн дотор үзэл санааны хувьд ингэж хурдан доройтсон нь гайхалтай. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд олсон нь бий ч алдсан нь түүнээсээ дутахгүй олон, Монголчуудын хийсэн тэрхүү олон ухралтуудын нэг нь чухам энэ үзэл санааны ухралт байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.

Улс орны эдийн засаг доройтож болно. Гэвч үзэл санааны хувьд доройтож ялзрах нь хамгийн аюултай байдаг аж. Төрийн албан тушаалтнуудын амнаас хүртэл "Ашигт малтмалаа зарж мөнгө олоод дараа нь мэдлэгийг…" гэсэн үгс ихээр унадаг байсныг та ч санаж байгаа байх. Харин хэсэг залуу дэвшилтэт үзэлтнүүд "дараа" биш "эхлээд" юм уу "зэрэг" байх ёстой" гэж санагджээ. Ингээд мэдлэгт суурилсан  бүтээгч улс болох гэсэн санааг гаргаж ирсэн байна.

Энэ үзэл санаа одоо нэлээд өндөр аваад байгааг бид мэднэ. Гэвч энэ зэрэгт хүртлээ ихээхэн саад бэрхшээлтэй учирсан. Гэвч зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлсээр бага ч гэсэн үр дүнд хүрээд байна. Энэ дэвшилтэт үзэл санааг тордож байгаа олон сэхээтнүүд бий. Тэдний зарим нь хэрэгтэй үедээ дуугарчихаад чимээгүйхэн судалгаа шинжилгээгээ хийгээд явдаг нэг нь байхад зарим нь энэ үзэл санаагаа бусдад түгээхийн тулд олон, олон ажил санаачилж хийж байна.  Энэ олон ажлуудын нэг бол миний болоод нөхдийн маань "Монголын хамгийн бүтээлч, өгөөжтэй нэвтрүүлэг" гэж тодорхойлох дуртай "Залуу зохион бүтээгч" нэвтрүүлэг юм. Энэ нэвтрүүлэг дуучин од болж амар хялбар аргаар амьдрах аргыг нийгэмд сурталчилдаггүй. Харин байгаа боломжоо ашиглаж, улс орныхоо хөгжил хэрхэн хувь нэмрээ оруулах вэ гэсэн бодол, хүслийг залууст түгээдэг. Эхний үр дүн ч гарч. Мэдлэгт суурилсан эдийн засаг, инноваци, бүтээгч улс гэсэн ойлголт одоо тийм ч алсын, бидэнд хүртээлгүй юм шиг бодогдохоо больжээ.

Миний адил олон хүмүүсийн үзэл санааг ийнхүү огцом өөрчилж, тэс өөр хүн шиг болгосон гавьяа нь яах аргагүй МҮОНТ-ээр дамжин үзэгчдэд хүрч буй "Залуу зохион бүтээгч" нэвтрүүлгийнх. Нэвтрүүлгийн гол зорилго зохион бүтээгчдийг шалгаруулж шагнахдаа биш, нийгмийг үзэл санааны хувьд урагш чирэхэд оршиж байгаа гэдгийг уншигч ойлгосон болов уу.

Ийм нэвтрүүлгийн тоо улам олширч, нийгмийн сэтгэл зүй зохих түвшинд очихын цагт шинэ бүтээл оновчтой санал монгол хүн бүрийн дотор ундарч, жинхэнэ утгаараа бүтээгч улс болж чадах юм.

Х.САЙХАН

"МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж