Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй

УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуул­ганаар Үндсэн хуулийн Цэцээс гаргасан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчиж байна гэх дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн Байнгын хорооны шийдвэрээр санал хураалгахад гишүүд 74 хувийн саналаар дэмжсэн юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаар энэ оны нэгдүгээр сард иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тойргийн нийт сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзсэн билээ. Иргэний гомдлын дагуу Цэцийн дунд суудлын хуралдаанаа энэ асуудлыг авч хэлэлцээд, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.

Өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд гарсан Цэцийн дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Цэцээс гаргасан 10 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулсан ч байнгын хороогоор дэмжигдээгүй юм. Ардчилсан намын зүгээс Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй, харин МАН-ын бүлгийн гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Энэ асуудал удтал маргаан дагуулж байгаад өчигдөр хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар анх удаа санал хураалт явуулахад Үндсэн хуулийн Цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг гишүүдийн олонхи хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Хүлээж авахгүй гэсэн үндэслэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ өөрөө баталдаг. УИХ-ын сонгуу­лийн тухай хуульд зааснаар сонгууль зохион байгуулахаас өмнөх зургаан сарын дотор хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Ийм байхад УИХ-аар баталсан хуулийг Цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзэж, өөрчлөлт оруулах санал оруулж байгаа нь улс төрийн захиалгатай дүгнэлт гэсэн хардлага ч зарим гишүүдэд байсан юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан нь ямар нэг захиалгатай гэж би үзэж байна. Үндсэн хуулийн Цэц нь УИХ-ын хууль тогтоох тулгуур зарчмыг булаалдаж, хуулийн зүйл заалтыг зааж байна. УИХ хууль тогтоодог юм уу, эсвэл Үндсэн хуулийг хамгаалдаг юм уу гэдгийг бодох хэрэгтэй” гэх шүүмжлэлийг хэлж байсан ч тухайн үед МАН-ын гишүүдээс энэ шүүмжлэлийг хүлээж авах хүн байгаагүй.

Тиймээс Цэцийн дүгнэлт дээр хоёр намын бүлэг эсрэг байр суурьтай байснаас багагүй цаг хугацаа алдсан юм. Гэвч энэ хугацаанд МАН-ын гишүүдийн “буруу эргэлт”-ийг Ардчилсан намын гишүүд залруулсан бололтой. Тухайлбал, байнгын хорооны хуралдаан дээр Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Иргэн хүн ямар ч өргөдөл гаргаж болно. Гэхдээ хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ тогтоодог. Гэтэл УИХ-ын өмнөөс Үндсэн хуулийн Цэц ажлыг нь хийгээд сууж байж болохгүй. УИХ хууль батлахаар тэрийг нь есөн хүний бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн Цэц буруу унагаад,  УИХ  түүнийг нь хүлээж аваад байвал бид энд хууль батлах гээд олонхи, цөөнхи яриад сууж байх хэрэг алга” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ямартай ч энэ удаа УИХ өөрийн баталсан хуулиа хамгаалж үлдлээ. УИХ-ын гишүүд Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авсангүй. Цэц ч гэсэн УИХ-ын энэ шийдвэрт анхааралтай хандаж, мэтгэлцээнд дахин орохгүй бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ хэвээр нь дагаж мөрдөнө. Харин “Унасан бөх ууртай” гээд дахиад Их суудлын хуралдаанаа хуралдуулбал, Их суудлын хуралдаанаас дунд суудлын хуралдааны дүгнэлт тэр хэвээрээ гарвал Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг хамгаалдаг газар уу, эсвэл хууль тогтоодог байгууллага уу, эсвэл аль нэг улс төрийн намын захиалгаар ажиллаад байна уу гэдэг хардлага, маргаанууд үргэлжлэх биз. 

Учир нь Цэцийн дүгнэлт гарсны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өмнө баталсан хуулийн зарчмаасаа буцаж, “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй” хэмээн марга­сан нь Цэцийн дүгнэлтийг МАН-ын зү­гээс захиалсан гэдэг хардлагыг төрүү­лээд байсан билээ. Одоо ч энэ хардлага бүрэн арилаагүй. Одоо ч гэсэн МАН-ын “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах” байр суурь хэвээрээ бөгөөд зөвхөн “УИХ баталсан хуулиа унагаах нь муухай харагдана” хэмээн үзэж, Цэцийн их суудлын дүгнэлтийг хүлээж байгаа гэсэн явган яриа явсаар байгаа билээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж