Шуурхай үйлчилгээний лавлах хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Шуурхай үйлчилгээний лавлах хэрэгтэй байна

Монголчууд бид хаана үнэгүй юм байна тэр газар бөөгнөрч байдаг нь цусан дахь гентэй холбоотой байх. Өнөөдөр манайд бүх төрлийн мэдээлэл өгчих лавлах бараг байхгүй гэж хэлж болно. Байгаа нэг нь арай л үнэтэй болохоор 109 рүү залгадаг. Мэдээж энэ лавлах руу залгахад “үнэгүй” гэсэн ойлголтыг гурван настай балчир хүртэл мэднэ. Яг одоо энэ дугаар руу залгахад “Манайд тэр дугаар нь байхгүй. 1109 рүү залгаад асуу” гэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь 1109 нь төлбөртэй. Магадгүй хүмүүст хүссэн дугаарыг нь хэлж өгөх сэтгэлгүй болоод ийнхүү хариулдаг байх.

Нэг хэсэг “Yellow book” буюу бүх албан байгууллага, дарга албан тушаалтны утасны нэгдсэн жагсаалттай ном гарсан.  Гэрт байхад илүүдэхгүй эд. Гэхдээ хүн болгон гэртээ худалдаж авах боломж төдийлөн  байхгүй. За тэр ч яах вэ.  Үүрэн утасны дундаж тариф 40-50 төгрөг байгаа. Гэтэл лавлахын утас нэг минут нь 350-400 төгрөгийн үнэтэй. Зарим нь түүнээс ч үнэтэй Дээрээс нь утасны лавлах компаниуд сэргэлэн охид, бүсгүйчүүд байдаг юм шиг. Хувийн эмнэлгийн дугаар асуухад аль болох минутаа гүйлгэх сэргэлэн арга хэрэглэдэг. Дуудлага хийн мэдээлэл авах гэж байгаа иргэд аль болох хурдан шуурхай, хэрэгтэй мэдээлэлээ авахыг хүсдэг. Тэгсээр ч ирсэн. Гэтэл “Хамгийн хурдан, найдвартай лавлах” энэ тэр гэж өөрсдийгөө сурталчилна. Хөгшин настай хүн залгах тохиолдолд “Уучлаарай та юу гэнэ ээ, жаахан чанга ярихгүй юу” гэсээр ярианы минутыг яаж ийж байгаад хоёр, гурван минут болгочихно. Энэ бол аль ч лавлах төвийн бичигдээгүй хууль. Харин иргэдэд үнэгүй мэдээлэл өгөх үүрэгтэй 109 маань маш удаан, овсгойгүй хүмүүс байдаг мэт тайвнаар утасны жагсаалтын дэвтэр эргүүлнэ. Яагаад гэвэл цаг хугацаанд баригдахгүй байх гол шалтгаан нь үнэгүй гэдэгт оршино.

Монголын цахилгаан холбооны хурдан шуурхай үйлчилгээ хаана байна. Утсаар мэдээлэл өгч байгаа ч  иргэдэд үйлчилж байгаа гэдгээ бодмоор юм. Хэн нэг нь хүчээр авчраад 109-ийн лавлах төвийн суудал дээр суулгаагүй л баймаар юм. Иргэдэд үйлчилж байна гэдгээ тэд хэзээ ухаарах  бол. Энэ асуулт бидний дунд үлдлээ.

Амралт зугаалгын улирал эхэлж амралтын газруудын утасны дугаар хэн бүхэнд шаардлагатай болдог. Лавлах руу нь залгахаар “хамаг нэгж гүйгээд байдаг” гэсэн бодолтой хүн олон бий. Залгасан тохиолдолд нэгж гүйлгэх янз бүрийн арга тэдэнд бий. Нэгдүгээр зарчим аль болох удаан ярих, удаан ярих тусам залгаж буй хүний нэгж нь гүйнэ. Гүйх тоолонд байгууллагын орлого нэмэгдэнэ. Монголын томоохон албан байгууллага, бизнес эрхэлдэг хүмүүс өөрсдийн гэсэн лавлахтай болсон нь нууц биш. Болдог бол шар ном шиг нэгдсэн сайт юм уу,  үйлчилгээ сайтай лавлах эсвэл ном бүтээх юмсан. Бүх байгууллага, эмнэлэг, шүүх цагдаа, дарга цэрэг, засварчдын нэгдсэн архивтай байх жишээтэй.  Тэгээд залгасан иргэдэд түргэн шуурхай үйлчилдэг. Одоогийн лавлахаас нэг газрын дугаар асуух гэхээр өөдөөс уяад байдаг болохоор дуудлага хийхээс түвэгшээх ч тохиолдол гардаг нь нууц биш. Боломжийн үнэтэй, дуудлага хийсэн хэн бүхэнтэй хурдан шуурхай, хэрэгтэй дугаарыг 10 секундын дотор хэлж өгдөг  байвал үйлчлүүлэгчдийн тоо ч нэмэгдэнэ.

1950 бол өнөөдөр иргэдийн амны уншлага болсон лавлах. Энэ лавлах бас өөрсдийн гэсэн удаан яриулах аргатай. Дуудлага хийвэл “Сайн байна уу. Танд өнөөдөр хувийн дугаар 14 Эрдэнэчулууны Мөнхцэцэг үйлчилж байна. Танд юугаар туслах вэ” хэмээн өөрийгөө танилцуулна. Дуудлага хийж буй хүн түүний танилцуулгыг заавал сонсох шаардлагатай тулгарна. За тэгээд өөрийгөө 7-10 секунд танилцуулаад “Уучлаарай жаахан чанга ярина уу. Танд юу хэрэгтэй гэнэ ээ” хэмээн дахин 10 секундын боловсноор хорооно. За тэгээд үргэлжлүүлээд “За та утсаа барьж байгаарай” гээд 10-20 секунд хэрэгтэй гэсэн дугаарыг хайна. Ингэж тэгсээр байгаад нэг минут гаргана даа. Энэ бол энгийн л жишээ.

Хүмүүс өдөр бүр телевизээр сурталчлах лавлах утасны дугаарыг хараад бараг дургvй нь хүрдэг. Одоогоор нийслэлд 50 гаруй лавлах утас ажилладаг гэсэн судалгаа бий. Эдгээрийн төлбөр нь харилцан адилгvй байдаг гэнэ. Тухайлбал, “Шуурхай зар мэдээ” сонины зар хvлээн авах 1932 тоот утас нь МЦХ-ны буюу энгийн суурин утаснаас залгасан тохиолдолд нэг минутад 500 төгрөг, мобикомын гар утаснаас 800, скайтелын утас бол 700 төгрөг авдаг байх жишээтэй.

Харин бүх төрлийн лавлах 1911, хуулийн лавлах 1916 ямар ч утаснаас ярьсан тохиолдолд нэг минутад 400 төгрөгийн хураамжтай. Тэгэхээр харилцан шударга бус байгаа биз. Банкуудын дэргэдэх лавлах утас минутад долоон төгрөг авдаг гэсэн. Ийм өөр, өөр үнэтэй тарифаас болж иргэд ихэд бухимддаг. Нийслэлийн шуурхай мэдээллийн албанд ч энэ талаар олон иргэд гомдоллодог байна. Тиймээс нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх утасны лавлахуудад Монгол Улсын харилцаа холбооны тухай, төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон холбоотой дүрэм, журмын биелэлтийг шалгасан ч үр дүн өгөөгүй. Уг нь лавлах утас нь хайлт, бүртгэлийн программтай байх шаардлагатай. Гэтэл 1920, 1905 тоот лавлахууд дээрх программгүй. Мөн 1913 нэг операторын дунд гурван утас ажиллуулдаг. Шашны лавлах 1914 мэдээллийн сан бүрдүүлээгүй зөрчилтэй гэх. Нэг удаа 109 руу залгатал “Утсаа барьж байгаарай” гээд цайндаа орох хугацаанд алга болсон гээд боддоо. Лавлах утасны үнийн тарифын талаарх мэдээллийг www.crc.gov.mn и-мэйл хаягаар авах боломжтой. Эдгээр чанаргүй лавлахуудад хуулийн, зохицуулалт гэж бараг үгүй бололтой. Ер нь ганц сайн чанартай, шуурхай лавлахтай болох цаг нэгэнт иржээ.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж