Европын холбооноос атомын цахилгаан станцуудаа стресс тестэд оруулахаар болсон. Европын парламентын Эрчим хүч, байгаль орчны хорооноос энэ долоо хоногт бүс нутгийнхаа эрчим хүчний асуудлыг цэгцэлж, хэтийн төлөвийг нь тодорхойлохоос өөр аргагүй гэсэн юм. Одоогийн байдлаар Европын холбооны орнуудад нийт 143 атомын цахилгаан станц байгаа. Тэдний аюулгүй байдлыг шалгаж, газар хөдлөлт, үер, нисэх онгоцны осол, террорист халдлагад өртөх зэрэг эрсдэлийг тооцож үзээд тухайн тохиолдол бүрт хөргүүрийн систем нь хэвийн ажиллах тал дээр гол анхаарлаа хандуулах аж. Дээрх бүх гэнэтийн ослоос гадна атомын цахилгаан станцуудын хэвийн үйл ажиллагаа алдагдвал орон нутаг дахь эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж болзошгүй тул гэрэл цахилгаан гаргах өөр нөөц үүсгүүрүүдтэй болох санал ч гарч байгаа юм. Хэрэв ийм шалгалт явуулаад эхэлбэл Евро бүсийн орнуудад байгаа атомын цахилгаан станцуудын нэлээд хувь нь шаардлага хангахгүй гэх үнэлгээ авах магадлалтай хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Тухайлбал, Германд атомын 17 цахилгаан станц байгаа. Германы Байгаль орчны сайд Норбетр Роеттган тэргүүтэй төлөөлөгчид тэдгээр атомын станцын нэлээд хувь нь анхан шатны шалгалтад тэнцэхгүй байх магадлалтай гэж үзжээ. Тиймээс 1980 оноос өмнө байгуулагдсан атомын долоон цахилгаан станцын үйл ажиллагааг ирэх зургадугаар сараас өмнө түр зогсоохоор болжээ. Швейцарийн Засгийн газар ч мөн дээрхтэй ижил арга хэмжээ авсан байна. Тус улсын Эрчим хүчний сайд өчигдөр гаргасан мэдэгдэлдээ энэ талаар онцолж, шинээр баригдсан атомын гурван цахилгаан станцын аюулгүй байдлын стандартыг дээшлүүлэхээр болжээ. Мөн Болгарийн Засгийн газар Беленийн атомын төслийн хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулсан байна. Францын Ерөнхий сайд Франкойс Филлон тус улсад байдаг атомын 58 цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг дахин нарийвчлан шалгахаар шийдвэрлэжээ. Испанийн хувьд хамгийн олон жил ажиллаж байгаа цөмийн реактороо хаахаар болсон байна. Их Британий Засгийн газар 2023 онд үйл ажиллагааг нь зогсоохоор төлөвлөж байсан атомын 10 цахилгаан станцаа хаажээ.
Ийнхүү зарим орон Японоос үлгэр авч, цөмийн хөтөлбөрүүддээ анхаарал хандуулж эхэллээ. Гэхдээ зарим улсын хувьд арай өөр байр суурьтай байгаа юм. Италийн Засгийн газар Европын холбооноос цөмийн эрчим хүчний бодлогоо өөрчлөх эсэхээс үл хамааран өөрсдөө асуудлаа шийдэх болно гэжээ. Польш, Турк улсууд анхны цөмийн реакторуудаа байгуулах саналаасаа татгалзах бодолгүй байна. Туркийн Ерөнхий сайд Ресеп Тайп Эрдоган Газар дундын тэнгисийн орчимд байрлах цөмийн байгууламжийнхаа талаар “Бид ОХУ-ын Засгийн газартай хамтран энэ төслөө удахгүй эхлэх болно” гэжээ. Ажиглагчдын үзэж байгаагаар ОХУ цөмийн эрчим хүчний төслүүдээ хумихгүй юм. Гэсэн хэдий ч Оросын эрх баригчид цөмийн реакторуудаа стресс тестэд оруулахад бэлэн байгаа юм.
Японы хувьд одоогоор нөхцөл байдал хүнд байна. Фукушимагийн атомын цахилгаан станцын орчимд цацраг идэвхт бодис нэгдүгээр түвшинд хүрсэн хэмээн шинжээчид анхааруулж байгаа. Гэвч тус улсын Ерөнхий сайд Наото Кан атомын цахилгаан станцуудын нөхцөл байдал харьцангуй удаан боловч дээрдсээр байна хэмээн өчигдөр “Киодо Ньюс” агентлагт мэдээлжээ. Хэд хэдэн хэсэгт нь дэлбэрэлт гарсан Фукушимагийн атомын цахилгаан станцуудыг хөргөхийн тулд элс ашиглаж магадгүй тухай Японы эрх баригчид саяхан мэдээлсэн билээ. Энэ арга үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч Япон улс атомын дөрвөн цахилгаан станцынхаа цөмийн 11 реакторын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна. Японд нийт 50 ширхэг цөмийн реактор байдаг. Жижиг талбайд олон цөмийн байгууламж байгуулсан гэх үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тэргүүлдэг билээ. Харин саяхан болсон цунами, газар хөдлөлтийн улмаас цөмийн төслүүдээ дахин нэг анхаарч үзэх шаардлагатай болсон юм. Гэхдээ шинжээчдийн дүгнэж байгаагаар ийм хүнд нөхцөлд Японы атомын цахилгаан станцууд дэлбэрэхгүй тэсч байгаа нь тэдний хамгаалалт, аюулгүй байдлыг дээд зэргийн түвшинд хангасныг нотлох нэг баталгаа юм. Хөргүүрийн систем нь бүхэлдээ ажиллахаа больж, нөөц батерейнууд нь дуусч, дизель түлшний үүсгүүрүүд нь далайд живчихээд байхад Японы атомын цахилгаан станцуудын зарим хэсэгт гал гарах төдийхнөөр асуудал зогсч байгаа юм.
Японы эрх баригчдын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүс болон хүн ам ихээр суурьшсан нутгуудад байрладаг цөмийн таван байгууламжаа түр хугацаагаар зогсоох талаар хэлэлцэж эхэлжээ. Гэхдээ иймэрхүү байдлаар атомын цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг зогсоовол цахилгаан, эрчим хүчний нийлүүлэлт тасалдах бөгөөд дахин хүнд байдалд орох аюултай.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин