
Ядахдаа УИХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн орон нутгийн сонгуулийг хамт явуулах уу, тусад нь хийх үү гэдэг дээр байр сууриа нэгтгэж чадахгүй өдийг хүргэлээ. Үүнээс болоод УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа ч гацаанд орчихсон. Урагшлуулсан ганц ажил гэвэл Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот дүгнэлтийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж, ингэснээр УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай заалтыг Сонгуулийн хуульд хэвээр үлдээхээр боллоо. Ямар боловч намын даргын лобби гэгдэх пропорциональ хэсгийн нэрсийн жагсаалтаар “сраз майор” болох гишүүдийн тоо цөөрнө гэсэн үг.
Автомат машинаар санал тоолж, цахим үнэмлэхээр сонгуульд оролцуулж анхны луйваргүй сонгууль явуулна гэж хөөрөөд байсан нь эхнээсээ бүтэлгүйтэж эхлэв. Иргэдэд ухаалаг иргэний үнэмлэх тараана гэсэн нь энэ сонгуулиар л лав даший шог болчихлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж иргэдэд цагт нь цахим үнэмлэх тарааж чадахгүй болсноо Засгийн газрын Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, үнэмлэх хэвлэх ажлыг хариуцахаар болсон “Бодь интернэйшнл” рүү түлхэж байгаа. Гэтэл Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг бүх ажлыг дөрөвдүгээр сарын 20 буюу маргааш гэхэд бүрэн дуусгахаар бэлтгэн ажлаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүлээлгэн өгсөн, Үнэмлэх хэвлэх ажил яагаад удааширсныг албаны хүмүүс зориуд буруу ташаа мэдээлж буйн цаанаа учир бий аж.
Үнэмлэхийн бэлдцийг Францын “Жемальто” компаниар хийлгэхээр хуулийн дагуу шууд гэрээгээр сонгосон юм. Харин уг компани өөрийн журам, стандартын дагуу Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөрөө буюу “Бодь интернэйшнл” компаниар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Манай Засгийн газрын баталсан бэлдцний загвар олон улсын стандартад нийцээгүй тул “Жемальто” компани загварыг дахин шинэчлэх шаардлага тавин буцаасан удаа бий ч бэлдцийг гэрээнд заасан хугацаандаа нийлүүлсэн. Бэлдэц бүхий цахим үнэмлэхийг хэвлэх машиныг АНУ-ын “Датакарт” компаниас мөн “Бодь интернэйшнл”-ээр дамжуулан хэдийнэ авчирсан. Одоо үнэмлэх хэвлэх бүхий л техник үндэслэл хангагдаад байгаа бөгөөд тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлчихээд буй хэрэг. Харин яг хэвлэхийн даваан дээр нэг асуудал мандсан нь Сонгуулийн ерөнхий хорооны авчирсан бүртгэлийн машин нь ухаалаг үнэмлэхний хэрэглээнд зориулагдаагүй энгийн хөнгөлөлтийн карт уншигч байж таарав. Үүнээс болоод Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг олон улсын стандартаар хэвлэх үү, манай СЕХ-ны авчирсан болхи уншигчид тааруулж хэвлэх үү гэдэг асуудал гацаа үүсгээд байгаа юм. Ухаалаг үнэмлэхийг сонгуульд ашиглахын тулд гаргаж байгаа. Гэтэл СЕХ-ны уншигч машинд таарахгүй цахим үнэмлэх байж болохгүй учир үнэмлэхээ өөрчлөх ёстой болж таарав. Монголын нөхцөлд таарсан буюу СЕХ-ны уншигч машинд тохирсон өөрчлөлтийг хийхийн тулд 14 хоногийн хугацаа шаардлагатай гэж үнэнээ л хэлсэн. Энэ бүхнээс болоод ухаалаг үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлэх ажил хойшоо сунжирч буй юм. Ямар ч ажлыг хугацааг нь тулгаж байж зохион байгуулдаг, хоорондынх нь уялдааг хангаж чаддаггүй манайхны царай нь л энэ.
Дашрамд хэлэхэд, ухаалаг үнэмлэхийг нэг удаагийн сонгуульд хэрэглээд хаячихгүй. Гэтэл СЕХ-ны олж ирсэн энгийн хөнгөлөлтийн карт уншигчид тааруулаад хэвлэчихнэ гэдэг маш аюултай. Замын интернэт дэлгүүрт 20 ам.доллараар зарагддаг тэрхүү уншигч машинтай этгээд иргэний хувийн мэдээлэл суулгасан ухаалаг үнэмлэхийг ердөө компьютерт холбоод л төвөггүй уншчих магадлалтай болж байна. Мэдээж үүнээс аль болох сэргийлэх, хамгаалах программ зохионо гэж америкчууд амласан, харин үүнд хугацаа хэрэгтэй л гэж хэлж буй.
УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар УИХ-д нэрээ дэвшүүлнэ гээд ажлаа өгсөн, ингэмэгц ялангуяа сонгуулийн жилд улс төрөөс хамгийн ангид байх ёстой бүртгэлийн байгууллагын даргаар МАН-ын нарийн бичгийн дарга Л.Амарсанааг томилчихсон. Хууль зүйн сайд энэ ажлыг хариуцсан цагаасаа “бүтэхгүй болохгүй” гэсэн үг урсгасан гээд мордохын хазгайд иргэний бүртгэл өртчихлөө. Ядаж байхад сонгогчдын жагсаалтыг үнэн зөвөөр гаргах цорын ганц бүрэн эрхт байгууллага болох Иргэний бүртгэлийн газрыг хэдхэн хоногийн өмнө сандчаан дүүрэг дүүрэгт хэлтэс болгон тараасан нь холион бантангийн үүрийг нэг мөсөн тарьж орхив.
Ингээд иргэд одоогийн үнэмлэхээрээ санал өгөх нь тодорхой болж байна. УИХ-ын даргаас эхлээд СЕХ хүртэл энэ үнэмлэхээр сонгуульд оролцох нь хуульд харшлахгүй гэдгийг хэлэх болсон. Автомат машин цахим үнэмлэхийг уншиж санал тоолох үүрэгтэй байсан бол одоо зүгээр л санал тоолох ганц үүрэгтэй хоцров.
Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэдийг “Тайван амгалан бай. Түр хуудас олгоно. Цахим үнэмлэх удахгүй тараах тул санаа зоволтгүй” гэсэн нь ёстой сонгуулийн будилааны эхийг тавьчихлаа. Одоо тэр хүмүүс цагаан хуудас бариад саналаа өгөхөөр очих уу, яах вэ. Тэр хуудсаа хэд канондоод сонгуулийн хэсэг тойроод санал өгсөн ч дурын хэрэг бус уу. Ядаж байхад энэ удаа сонгогчийн үнэмлэх тараахгүй. Цахим үнэмлэхдээ найдсан хэрэг. Тэгэхээр давхар нотлох баримт ч үгүй болсон гэсэн үг. Орон нутгийн сонгуулиа хэзээ хийх нь ч ойлгомжгүй хэвээрээ байна.
Түрүү түрүүчийн сонгуулиар арай ч ийм дампуу байгаагүй. Хэрүүл хэл амтай ч сонгогчдын бүртгэл нь арай цэгцтэй байсан. Хэсэг хэсэг дээр иргэдээ эрх биш зүс таних хүмүүс бүртгэлийг гаргадаг байв. Одоо шинээр ажилдаа орж буй дүүргүүдийн иргэний бүртгэлийн хэлтэс сонгуулийн үеэр самарна гэдгийг ёстой үзүүлнэ дээ. Ингэж ардчилсан сонгууль өгдөг болсон 20-иод жилийн түүхэнд хамгийн задгай байдлаар сонгууль товлох өдрийг хүлээж байна.
Ямар сонгууль болж яаж дуусахыг чухам бурхан л мэдэх хэрэг болж хоцорлоо. Юун долдугаар сарын 1. Түүнээс илүү үймээн гарчихгүй байгаасай гэж залбирч, иргэд үр хүүхдээ, амь амиа хамгаалахын төлөө санаа тавих л үлдэв шив дээ.