Сирийн эсрэг хориг арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Сирийн эсрэг хориг арга хэмжээ авна

Европын Холбооноос Дамаскийн эсрэг шинэ хориг авах болон НҮБ-ын цэргийн ажиглагчдад техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ. Страсбург хотод мягмар гаригт болсон Европын парламентын хурлын үеэр ЕХ-ны Гадаад бодлого болон аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд төлөөлөгч Кэтрин Эштон энэ талаар мэдэгдсэн байна. Тэрээр ЕХ-ноос Сири улстай харилцах харилцаанд дахин нэмэлт хориг арга авна гээд Сирийн 162 иргэнийг Европ руу оруулахгүй гэжээ. Энэ жагсаалтад Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, түүний гэр бүл, Сирийн Засаг захиргааны удирдах ажилтнууд, тэдний гэр бүл болон зарим бизнесменүүд багтаж байна.

Түүнчлэн Европын бизнесменүүдийг Сирийн үндэсний агаарын тээврийн компани, Төв банк болон олон тооны экспортын байгууллагуудтай харилцаатай байхыг хориглосон гэнэ. Өмнө нь ЕХ-ноос Сиритэй зэр зэвсэг, нефть болон нефтийн бүтээгдэхүүний наймаа хийхийг хориглоод байсан юм. Одоо ЕХ-ноос Ерөнхийлөгч Башар Асадыг Засаг захиргаанаасаа татгалзан, ардчилсан хүчинтэй энхийн хэлэлцээр хийхийг үргэлжлүүлэн шаардаж байна. Сири улсад ойрын хэдэн өдөрт олон улсын 30 ажиглагч очоод байгаа бөгөөд НҮБ-ын бусад ажиглагчдыг очих нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.  НҮБ 250 ажиглагчаа Сири улс руу илгээхээр төлөвлөсөн ажээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж