Хүний эрхийн сэдэвтэй баримтат кинонууд бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн сэдэвтэй баримтат кинонууд бүтээжээ

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Монгол дахь Их Британий Элчин сайдын яамтай хамтран “Хүний эрхийн мэдээллээр дамжуулан хүнийг чадавхижуулах нь” сэдэвт төслийг санхүүжүүлжээ. Уг төслийн хүрээнд Монголын уран бүтээлчид сонирхолтой баримтад кинонууд бүтээсэн байна. “Өөрөө өөрийгөө аваад явахыг хүсч байна”, “Миний охин хамгийн сүүлчийнх байг”, “Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай”, “Нэг өдөр” гэсэн нэр бүхий дөрвөн баримтат киног өчигдөр “Боролдой” студийн “Black Box” театрт олон нийтэд үзүүлсэн юм. Мөн хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын бүтээсэн “Хүн бүрийн сэтгэлд гал бий”, “Хүн худалдаалах гэмт хэрэг газар авсаар байх уу” хэмээх кинонуудыг танилцууллаа. Олон улсын дэмжлэгээр бүтсэн эдгээр баримтат кино нь олон нийт болон шийдвэр гаргагчдын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ чиглэлийн боловсролыг дэмжих зорилго, агуулгыг шингээсэн аж. Уг баримтат кинонууд болон тэдгээрт өгүүлсэн хүний эрхийн хэрэгжилтийн талаарх саналуудыг УИХ, Засгийн газар, холбогдох яамд болон төрийн бус байгууллагуудад хүргүүлэх юм байна. Мөн дээрх төслийн хүрээнд уран бүтээлчид баримтат киноноос гадна “Хүний түүх” сэдэвтэй 10 хэсэг бүхий аудио цуврал бүтээл туурвиж эхэлжээ. Аудио бүтээлүүдийг ирэх сараас эхлэн найман аймгийн радиогоор цацах юм байна.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж