Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдахаас өмнө Н.Назарбаевын улс төрийн байр суурийг ард түмэн нь тодорхойлж, бүрэн эрхийн хугацааг нь сунгахын тулд хангалттай санал өгсөн. Энэ бүхэн нь түүний хувьд олон улсын ажиглагчид, гадны томчуудад “өөрийгөө харуулах” гэсэн нэг оролдлого байсан ба түүний хэлснээр “Бүх зүйл хяналтад байгаа” аж.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Назарбаевын гол өрсөлдөгчдийн нэг Булат Абилов болон “Ак Тарлан” сонины ерөнхий эрхлэгч С.Отен нарыг түүнтэй өрсөлдөхүйц хэмжээний нэр хүндтэй хэмээн шинжээчид онцолж байгаа. Тиймээс Н.Назарбаев огцрохгүй гэж үзэж байгаа хүмүүсийн хувьд түүнийг ирэх дөрвөн жилийн хугацаанд үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ хэмээн таамаглаж байгаа юм. Ямартай ч сонгуулийн дүн ямар гарахаас үл хамаараад бүх зүйл Н.Назарбаевын хяналтад байгаа бололтой.
Албаны төлөөлөгчдийн мэдэгдэж байгаагаар Казахстан улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бүртгэл ирэх сарын 2-нд дуусч, 3-нд санал хураалт нь болох юм. Уг сонгуулиар Н.Назарбаев сонгогдох юм бол ард түмний итгэлийг даасан Ерөнхийлөгч хэвээр үлдэх юм. Харин нэр дэвшигчдийн нэг Амантай-кази Асилбек нь Ерөнхийлөгч болох аваас хоёр эхнэртэй байх хууль батална хэмээн амлаж байгаа гэсэн.
Азийн орнууд дунд уул уурхайн салбарт томоохон байр суурь эзэлдэг Казахстаны хувьд байгалийн баялаг, газарзүйн байршил, улс төрийн харилцаа холбоогоор ОХУ-ын хувьд нэлээд ач холбогдолтой орон хэмээн “CNN”-ийн тоймч Крис Томсон онцолжээ. Харин энэ талаар ОХУ-ын албаны хүмүүс “Сайн харилцаатай байх эсэх нь тухайн хоёр орноос л шалтгаалдаг юм” гэжээ. Тиймээс энэ нь нэг талаараа Казахстаны улс төрийн нөхцөл байдалд ОХУ-ын нөлөө, оролцоо бий гэх таамгийг бий болгоод байгаа юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин