Ингээд өмнө нь шүүх хурал ямар үндэслэлээр хойшилж байсныг эргэн саная.
2012 оны хоёрдугаар сарын 27:
Удтал хүлээлгэсэн долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийн гэм буруутныг шүүх өдөр. Дөрвөн жилийн хугацаанд хэвлэл мэдээллийнхнээс “зугтсан” Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нар шүүхийн танхимд олны өмнө анх удаа зэрэгцэн суув. Шүүрх хуралдаанд дөрвөн шүүгдэгч, Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо, Ш.Батсүхийн өмгөөлөгч Б.Энхтунгалаг, үймээний үеэр буудуулж амиа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр, улсын яллагч С.Хишигжаргал, шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар хүрэлцэн ирсэн байв. Шүүх хурал хаалттай эхэлсэн ч Ш.Батсүхийн өмгөөлөгч Ц.Итгэлт, О.Зоригтын өмгөөлөгч Л.Өлзийхүү нар хүндэтгэх шалтгаантай хүрэлцэн ирээгүй учир гуравдугаар сарын 14-ний 09.30 цагт хэргийг хэлэлцэхээр болж хойшлууллаа. Дараагийн шүүх хуралд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг гэрчээр дуудсан нь мөн л содон явдал байв. Энэ үеэр Ч.Амарболдын эхнэр Ш.Нарантуяа, Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг зэрэг ар гэрийнхэн нь хэвлэлд ярилцлага өгч, олон жил цагдаагийн байгууллагад ажилласан алба хаагчаа яллах гэж байна хэмээн шүүхийг буруутгав. Шүүх хуралтай зэрэгцэн Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа шүүгдэгч нарын ар гэрийнхэн, Цагдаагийн ерөнхий газрын, Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид "Цагдааг хэлмэгдүүлэхээ зогсоо", "Үүргээ гүйцэтгэсэн цагдааг сулла" “Хуулийг завхруулж байна”, гэх мэт уриа лоозон барин жагссан юм. Тэд улс төрийн зорилгоор цагдаагийн алба хаагчдыг яллах гэж байгааг эсэргүүцэж, хууль бус шүүх хурлыг явуулах ёсгүй гэх байр сууриа илэрхийлж байлаа. Энэ үеэс л шүүхийг буруутгасан, шүүхийн тасралтгүй үйл ажиллагаанд саад учирсан гэж хэлж болно.
2012 оны гуравдугаар сарын 14:
Хоёр дахь удаагаа товлогдсон хурал эхлэхэд шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо гадаад улсад ажилтай явж байгаа учир шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүслээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд Г.Ганбаатарын хэргийг тусгаарлаж, бусад гурван шүүгдэгчийн хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэх шийдвэр гаргасан юм. Эл шийдвэрийг Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл эсэргүүцэж, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хурал дахин хойшлох нь тодорхой болов. Гэхдээ энэ хэрэгт анхнаасаа томилогдсон шүүх бүрэлдэхүүн цагдаагийн дарга нарыг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих шийдвэр гаргасан нь Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа эмх замбараагүй байдал үүсгээд авсан. Цагдан хорих шийдвэрийг сонссон Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарын бие муудсан нь цагдан хорих анги руу ачигдах байсан замыг өөрчилж, түргэн тусламжийн машинаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн нь олны эгдүүцлийг төрүүлж байв. Өмнөх шигээ шүүхийн гадаа жагссан цагдаагийн ар гэрийнхнээс гадна дүрэмт хувцастай 60 гаруй цагдаа ирсэн нь шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж зарим нэг нь тайлбарлаж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Ингээд дараагийн шүүх хурал хэзээ болох, шүүгдэгчдийг хэзээ цагдан хорих руу ачих нь тодорхойгүй хоёр дахиа хойшилсон нь энэ. Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нар Сүхбаатар дүүргийн эмнэлэгт зургаа хоносны дараа гуравдугаар сарын 30-ны оройн 18.00 цагийн орчим цагдан хорих 461 дүгээр анги руу ачигдсан юм.
2012 оны гуравдугаар сарын 21:
Хэргийг нь тусгаарлаад байсан Г.Ганбаатарын хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэв. Тэрбээр өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэрийг нэмж авчээ. Шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй учир шүүх хурлыг хойшлуулахаас аргагүй болов. Ингэхдээ шүүх бүрэлдэхүүн тусгаарлаад байсан хэргийг нэгтгэж, Г.Ганбаатарыг цагдан хорих захирамж гаргасан юм. Түүнийг тухайн өдрийн 16.00 цагийн орчим цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан билээ. Энэ үеэр цагдаагийн ар гэрийнхэн шүүхийн гадаа жагсч, эсэргүүцлээ илэрхийлж байлаа.
2012 оны гуравдугаар сарын 28:
Цагдаагийн дарга нар гурав дахь удаагаа шүүхийн танхимд дуудагдсан нь энэ. Гэхдээ цагдан хоригдож байгаа учир энэ удаагийн шүүх хурлыг 461 дүгээр хорих ангид хийв. Энэ хуралдаанд гэрчээр дуудсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хуульзүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нар өөрийн биеэр ирсэн нь хэргийг хэрхэн шийдэх бол гэх олны хүлээлт үүсгэсэн нь лав. Гэтэл шүүх хурлаа хийж чадсангүй. Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нар хэргийг бүхэлд нь түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж авсагүй хэмээн үйлчлүүлэгчээсээ татгалзаж, шүүх хуралдааныг орхин гарснаар шүүх дахин гацаанд оров. Өмгөөлөгч Ц.Итгэлт, Л,Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар ч мөн үйлчлүүлэгчээсээ татгалзснаар шүүх хурал мөн л тодорхойгүй хугацаагаар хойшлохоос аргагүйд хүрсэн. Ингээд цагдаагийн хуучин удирдлагууд өмгөөлөгчгүй, шүүх хурал дахин гацаанд орлоо.
2012 оны дөрөвдүгээр сарын 16:
Шүүх хурлыг энэ өдөр хийхээр дахин зарлав. Эрх зүйн туслалцаагүй үлдсэн нэр бүхий дөрвөн шүүгдэгчид Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 800 гаруй өмгөөлөгчийн нэрсийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр танилцуулжээ. Шүүх өмгөөлөгчөөр хангах боломж олгосон ч тэд сонгоогүй. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс Өмгөөлөгчдийн зөвлөлд хандаж, шүүгдэгчдэд өмгөөлөгч томилохыг хүссэн. Үүний дагуу Өмгөөлөгчдийн зөвлөлөөс томилсон Б.Батхуяг, Л.Даваасүрэн, Ж.Энхтуяа, ГТ.Баярсайхан нар шүүх хуралдаанд оролцохоор ирэв. Гэхдээ хэргийн талаар ойлголт байхгүй, хавтаст хэрэгтэй танилцаагүй гэсэн бол шүүгдэгчид Өмгөөлөгчдийн зөвлөлөөс томилсон өмгөөлөгчөөр сонгох боломжгүй гэв. Харин даргалагч шүүгч Ч.Хосбаяр Ч. Хосбаяр “Эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгч томилж буй нь шүүгдэгч нар өмгөөлөл авч чадахгүй хоцрохоос урьдчилан сэргийлж буй ажиллагаа. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 52-д “Хууль зүйн туслалцааг өөрийн хүссэнээр болон хуульд зааснаар үзүүлнэ” гэж заасан . Өмгөөлөгч сонгох эрх нээлттэй. Өмгөөлөгчдийн нэр өгөөд байхад сонгохгүй байгааг чинь ойлгохгүй байна. Хуучин өмгөөлөгчдөө бас авч болно. Өмгөөлөгчид томилолтоор ирсэн болохоор татгалзах эрх байхгүй” гэж тайлбарлав. Тиймээс дараагийн шүүх хурлыг гурван өдрийн дараа буюу энэ сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулав.
Өнөөдөр шүүх хурал болох уу?
Ийнхүү шүүхийн үйл ажиллагаа дээрх шалтгаануудаар дөрвөн удаа тасалдлаа. Өнөөдөр болох хурал ч хойшлох магадлал өндөр байна. Учир нь О.Зоригтын өмгөөлөгчөөр томилогдсон Ж.Энхтуяа өнөөдөр зарлагдсан шүүх хуралтай учир хүрэлцэн ирэх боломжгүй хэмээн шүүх хурлын үеэр хэлсэн юм. Гэхдээ шүүхийн шийдвэр нэгэнт гарсан учир түүнийг хүсэлтийг хүлээж аваагүй. Түүнчлэн гурван өдөрт 29 хавтаст хэрэгтэй танилцаж, эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэж өмгөөлөгч Б.Батхуяг, Л. Даваасүрэн, Ж.Энхтуяа, Т.Баярсайхан нар үзэж буй. Тэгэхээр энэ удаагийн хурал дахин хойшлох бололтой. Шүүгдэгчид хэдийгээр цагдан хоригдож байгаа ч ар гэрийнхнээрээ болон бусад байдлаар өмгөөлөгч сонгодог. Шүүхээс нэгэнт цагдан хорих шийдвэр гаргасан байхад заавал батлан даалтад гарч байж өмгөөлөгч сонгоно хэмээн тас гүрийгээд байгаа нь хачирхалтай. Шүүхээс шууд цагдан хорих руу ачигдах байсан тэд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт зургаа хоносон шигээ “давуу эрх” эдлэх санаархал уу , эсвэл шүүхийн үйл ажиллагааг зориуд сунжруулах оролдлого уу. Өмнөх өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ татгалзсан нь тэдний хуулийн мэдлэг хүрэхгүй байгаагаас уу, эсвэл цаг хожих гэсэн өмгөөлөгчийн тактик уу.
Шүүхэд хэрэг шилжсэнээс хойш дөрвөн удаа хурал товлогдсон ч өмгөөлөгчдийн хүсэлт, татгалзал зэргээс удаа дараа хойшилсоор. Дахин ямар ямар шалтгаанаар хэдэн удаа хойшлохыг, хэзээ цагдаагийн хуучин удирдлагуудын гэм бурууг хэлэлцэхийг мэдэхгүй. Энэ бүхнээс шүүх эрх мэдлийн байгууллага хүчгүйдэв үү гэж асуухад хүрлээ.
НЭМЭЛТ: 11.10 цаг
Шүүх хурал тав дахиа хойшиллоо
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарын гэм буруугийн асуудлыг өнөөдөр хэлэлцэх тов гарсан байлаа. Гэсэн ч Цагдан хорих 461 дүгээр ангид болох байсан шүүх хурал тав дахь удаагаа дахин хойшиллоо. Гэхдээ ямар хугацаагаар хойшилсон нь тодорхойгүй байгаа бөгөөд Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн н.Алтангэрэлийн өгсөн мэдээллээр бол шүүгдэгчдэд өмгөөлөгч томилох шийдвэрийг хүчингүй болгосонтой холбоотой бололтой. Шүүх хуралдаанд шүүгч Ч.Хосбаяр ирээгүй гэнэ. Мөн томилогдсон дөрвөн өмгөөлөгчийн зарим нь хүрэлцэн ирээгүй гэх мэдээлэл байна.