Хятадын хүн ам хөгширч, хөгжил нь удааширчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Хятадын хүн ам хөгширч, хөгжил нь удааширчээ

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт удааширч байна. Хятадын эдийн засгийн өсөлт 2012 онд 8,2 хувьтай байна гэж Дэлхийн банк дүгнэжээ.  Өмнө нь 8,4 хувь, харин өнгөрсөн жил 8,7 хувь байна гэж үзэж байсан. Дүгнэлт буурсан нь зээлийн хангамж хомс мөн хүн амын хөгшрөлт ба хөдөлмөрийн хүчний нөөц буурсантай холбогдсон байна.

Дэлхийн банкнаас Хятадын ДНБ-ний өсөлтийг 8,4-өөс 8,2 хувь болон буурна гэж дүгнэв. Энэ нь сүүлийн 13 жилийн доторх Хятадын эдийн засгийн хамгийн доогуур үнэлгээ болж байгааг тус банкнаас тэмдэглэжээ.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус банк Хятадын эдийн засгийн өсөлтийг 8,7 хувийн төвшинд байна хэмээн дүгнэсэн юм.

Хятадын эдийн засгийн өсөлт 2001-2011 онд дундаж үзүүлэлт нь 10,5 хувьтай байлаа. Энэ үзүүлэлт 2015 онд 8,5 хувь болоод 2030 он гэхэд удааширч тав орчим хувьд байна гэсэн таамаглал байгаа.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао өнгөрсөн гуравдугаар сард эдийн засгийн өсөлтөө  2012 онд 8-7,5 хувьтай байна хэмээн урьдчилан дүгнэсэн нь 2005 оноос хойш  тус улс анх удаа эдийн засгийн өсөлтөө багаар тооцсон явдал байлаа.

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд өнгөрсөн жилд 9,2 хувь хүртэл удааширсан бөгөөд 2010 онд 10,3 хувь байсан юм. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2011 онд 47,156 их наяд юань (7,4 их наяд ам.доллар) байв. Өнгөрсөн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн өсөлт нь саарч, эхний улиралд жилийн үнэлгээгээр 9,7 хувь, хоёрдугаар улиралд  9,5 хувь, гуравдугаар улиралд 9,1хувь, дөрөвдүгээр улиралд 8,9 хувьтай гарсан байдаг.

Хүн ам зүйн тулгамдсан асуудал болох хөгшрөлт, хөдөлмөрийн хүчний нөөцийн хомсдол зэргээс ДНБ-ний өсөлт “бүтцийн” удаашралтай тулгарна гэж Дэлхийн банкны мэргэжилдтнүүд илтгэлдээ дурджээ. Банкны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эдийн засгийн өсөлтийн саармагжилд нөлөөлөх хүчин зүйлд нь дотоодын хөрөнгө оруулалт ба хүн амын орлогын төвшний өсөлтийн тодорхойгүй байдал нөлөөлөх гэнэ. 

Хятад урт хугацааны турш дэлхийн эдийн засгийн том хөдөлгүүр хэмээн тоцогдож ирсэн ч 2012 оны хоёрдугаар сард сүүлийн 15 жилийн дотор байгаагүй дээд хэмжээний 31,5 тэрбум ам.долларын худалдааны алдагдал амссан байна. “Хэрэглээний өсөлт зарим талаар удааширч, хөрөнгө оруулалтын өсөлт нь улам хүчтэй доошилж байгаагаас гадна гадаадын эрэлт сул хэвээр байна” гэж Дэлхийн банкны Хятадын асуудлыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Ардо Ханссон ярьж байна.

Хятадын эрх баригчид зээлийг илүү хангамжтай болгох, үл хөдлөх хөрөнгийн худалдааг сайжруулах, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг зөөлрүүлэх талаар анхаарах хэрэгтэйг Дэлхийн банкны мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Хятад мөнгөний бодлогодоо маш няхуур хандах хэрэгтэй. Учир нь тус улсын зүгээс гаргах ямар нэгэн болгоомжгүй алхам нь инфляцийг өдөөж магадгүй хэмээн сануулжээ. Хятадын инфляцийн төвшин 2011 онд 5,4 хувьтай энэ оны эхний улиралд  3,8 хувьтай байна.

Хятадын эдийн засгийн өсөлтийн уламжлалт зохицуулалт суларч  байгаа учраас өөрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар ба үйлдвэрлэлийн зардлыг нь эргэн харахыг дэлхийн эдийн засагчид зөвлөж байна.

Өнгөрсөн хугацаанд Хятад эдийн засгийн өсөлтийнхөө хурдын нэмэгдүүлэхэд багагүй анхаарсан бол эдүгээ  хөгжлийн чанарт хандсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Хятадын ажил хэргийн идэвхийн индекс (PMI) 2012 оны нэгдүгээр сард 50,5 пункт болсон нь эдийн засгийн хөгжил нь өсөлт уналтынхаа зааг дээр ирсний илрэл юм. Энэ үзүүлэлт нь 2012 онд Хятадын эдийн засгийн өсөлт саармагжсан нь үүний үр дагавар нь харьцангуй “зөөлөн” байна гэх найдлагыг төрүүлж буйг Bank of America Merrill Lynch банкны мэргэжилтнүүд  хэлж байна.  “Эдийн засгийн өсөлт нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөргөлтийн улмаас эвгүйтэж магадгүй. Үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт эхлээд барилгын салбарт нүүрлэж, дараа нь  банк санхүүгийн зээлэнд нөлөөлнө. Энэ бүх асуудалтай Хятад ойрын 12-15 сарын дотор тулгарна” гэж Marketfield Asset Management-ийн тэргүүн Майкл Шеул ярьжээ. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж