Сонгуулийн хувьсгал уу, анти манан хувьсгал уу

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хувьсгал уу, анти манан хувьсгал уу

МАНАН саринаж эхэл­лээ. Тэд АНАН болон хувирч байна. Тус, тусын эрх ашиг нь тэднийг ийнхүү байрнаас нь хөдөлгөх болов. Ардын намынхан ч галын бүсээ өөрчлөхөөр шийджээ. Тухайн үеийн МАХН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн намар сонгуулийн тогтолцоог 26:50 болгон өөрчлөх даал­гаврыг УИХ дахь намын бүлэгтээ өгч байсан бол одоо бүхнийг шинээр эхлэх гэж байна. Товчхондоо,  Ардын намынхан шийдвэрээсээ буц­лаа.

Тэд ирэх сонгуулийг 26:50 хэмээх хувилбараар бус, жижигсгэсэн мажоритар тогтолцоогоор явуу­лахаар сэм шивнэлдэх болов. Уг хувилбарыг ярсхийтэл батлах үүргийг ч УИХ-ын гишүүддээ өгч байна гэнэ. Харин Ардчилсан намынхан ацан шалаанд оржээ. Тус намынхан Сонгуулийн тухай хуульд өмнө нь өөрчлөлт оруулах үед эрх баригчидтай холимог тогтолцооны тухайд яг таг зөвшилцсөн гэдэгтээ итгэлтэй байсан ч эцсийн мөчид МАХН-ынхан томсгосон тойргоор сонгууль явуулах хувилбарыг олонхийн хүчээр баталсан билээ. Энэ удаад ч мөн адил хууртав. Учир нь тэд Ардын намынхны санал болгосон 26 буюу мажоритар, 50 буюу пропорциональ тогтолцоог “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” хувилбар байна. Энэ бол хоёр намын дундын өмчлөл болсон хувилбар” хэмээн аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч байсан юм. Гэвч улс төрд намар биш, хавар цаг тохиож байна. Ардын намынхан МАХН байх үеийнхээ тактикийг өөрчлөхөөс аргагүй байдалд орлоо. Тэд УИХ-ын ээлжит сонгууль болгоноор Ардчилсан нам хэмээх нэг л хүчинтэй ана мана үзэлцдэг байсан. Харин одоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Ардын намынхны өмнө улс төрийн “нөлөөт толь” болон хувирав. Тиймээс тус намынхан Н.Энхбаяр болон Ардчилсан нам, бусад намын бүслэлтээс хэрхэн гарах тактикаа төлөвлөж байна. Мэдээж хэрэг, тэдний гол “зэвсэг” нь Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.

Н.Энхбаяр эрх барих “эрхи”-ийг гартаа дахин оруулахыг хүсч байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн маапаан, 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн, тэр үеэр таван хүний амь эрсдсэн явдал, Ардын намын зарим лидерийн тухай муу факт болгоноос цөөн, цөөнөөр дэлгэх болов. Товчхондоо, экс Ерөнхийлөгч үр цацаж байна. Тухайн үеийн МАХН УИХ-ын 1996 оны сонгуульд ялагдсан ч 2000 онд эрх баригч хүчний суудалд дахин заларсны нууцыг хамгаас сайн мэдэх хүний хувьд тэрбээр МАНАН-жсан нэгдлийг нэгмөсөн задлах аргад шилжлээ. Ардын намынхан ч Н.Энхбаярыг “уншиж” байна. Тиймээс ирэх сонгуулийг 26 буюу вип тойрогтойгоор явуулахаа болив. Тэд хүчтэй, нөлөөтэй, мөнгөтэй эрхмүүдээ ийн өрсөлдүүлэх байсан ч экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэг бас л хүчтэй, нөлөөтэй, мөнгөтэй өрсөлдөгчтэй нүүр тулсан учраас ийнхүү арагш нэг ухарлаа. Тооцоолоогүй нөхцөл байдал нэгэнт үүссэн учраас Ардын намынхан жижигсгэсэн мажоритар хувилбарыг ёсчлон батлах үүргийг УИХ дахь намын бүлэгтээ сэм өгөх нь тэр. Сонгуулийн тухай хуульд үүнийг шигтгэвэл намууд нэг тойрогт нэг л нэр дэвшигч илгээнэ. Хэрэв томсгосон мажоритар тогтолцоогоор явуулбал нэг тойрогт гурван нэр дэвшигч илгээх учиртай. Гэвч Ардын нам Н.Энхбаяр нарын явах замыг нарийсгахын тулд жижигсгэсэн мажоритар тогтолцоог УИХ-ын хаврын чуулганаар санал болгох гэж байна.

Ардчилсан нам ч дотооддоо сөрөг хүчинтэй. З.Энхболд тэргүүтэй Ардчилсан хүчний холбооныхон Н.Энхбаярын хэлсэн үгийг давтаж эхэллээ. Тэд сонгуулийн тогтолцоог пропорциональ болгох тухайд намынхаа удирдлагуудтай санал нэгдсэн ч “Долдугаар сар 1”-ний үймээний тухай огт өөр “дуу” дуулах болов. Гэхдээ үг, аялгуу нь Н.Энхбаярынхтай тун төстэй. “Тэрхүү үймээний улмаас ард түмэн одоо ч айдастай байна. Ийм явдал болсон нь сонгуулийг шударга бус явуулсантай холбоотой. УИХ-ын 2008 оны сонгууль будилаантай болсныг Төрийн тэргүүн ч хэлсэн. Үймээний үеэр галт зэвсэг хэрэглэснээс таван залуу амиа алдаж, иргэд, төрийн цагдаа нар гэмтэл авч, зарим нь эд хөрөнгөөрөө хохирсон. Гэтэл эрх баригчид одоог хүртэл хэргийн эзэн, сонгуулийг будилаантуулсан этгээдүүдийг олж тогтоохгүйгээр үл барам олигтой алхам ч хийхгүй байна. Энэ нь ирэх сонгуулийг шударга явуулах баталгааг бууруулж байна шүү” хэмээн Ардчилсан хүчний холбооныхон сануулав. “Шударга сонгуульд бэлтгэцгээе” гэж бас уриалав. Тэр ч атугай УИХ-ын 2008 оны сонгуулийг алдаа завхралтай явуулсны хариуцлагыг эрх баригчдаас нэхэж эхэллээ.

Тийм ээ, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд нар нэхэл хатуутай шаардлага тавьж байна. Экс Ерөнхийлөгч тэр үдэш болсон хэрэг явдлыг өөрийн биеэр гэрчлэхээр болсон бол УИХ-ын гишүүн З.Энхболд тэргүүтэй Ардчилсан нам дахь сөрөг хүчнийхэн ийм утгатай баримт бичиг үйлджээ. “Үймээний үеэр онц байдал тогтоосон атал галт зэвсэг хэрэглэхийг үүрэг болгосон, хэрэглэсэн этгээдүүдийг олж тогтоох. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө ба сонгуулийн үеэр нийслэлд иргэний үнэмлэх олноор хэвлэж тараасан. Эдгээр үнэмлэхээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд санал өгүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн эсэхийг тогтоож, хууль зөрчсөн бол тухайн үеийн эрх баригч намаас томилогдсон Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулга болон бусад албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцох. Сонгуулийн зардлын тайлан болон санхүүжилттэй холбоотой хууль бус ажиллагаа явуулсан эсэхийг тогтоох. Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, бэлэн мөнгө тараах тухай мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн нь шударга бөгөөд хуульд нийцсэн эсэх” гэж.

Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх үйл явц МАНАН-г АНАН болгож, бүр Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийг ч улстөржүүлж байна. Хаврын чуулган эхэлмэгц Үндсэн хуулийг эхэлж өөрчлөх үү, аль эсвэл Сонгуулийн тухай хуулийг уу гэдэгт улстөрчид бооцоо тавьж эхэллээ. Сэтгэлийн хөдөлгөөнтэй зарим нь “Ард түмнийг улс төрийн намууд төлөөлнө” хэмээх заалтыг Үндсэн хуульд тусгая” гэж зүтгэж байгаа бол нөгөө хэсэг нь “Сайд нарын гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалттай хуулийн төслөө батлуулах лобби хийцгээж байна. УИХ Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх нь нэгэнт тодорхой болсон. Үүнтэй зэрэгцэн Н.Энхбаяр, З.Энхболд нарын нэгдэл улам хүрээгээ тэлж байна. Харин сонгуулийн хувьсгалд Ардын нам, Н.Энхбаяр нарын хэн нь ялах нь хамгаас их сонирхол татна. Тэр тусмаа 2012 оны долдугаар сарын 1-нд Ардын намынхан экс Ерөнхийлөгчийн багийнхнаас Тусгаар тогтнолын ордноо хамгаалж чадах уу гэдэг нь бүр ч сонирхолтой хэрэг.     

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж