С.Баярын араас ерөнхийлөгчийг бас татах нь

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

С.Баярын араас ерөнхийлөгчийг бас татах нь

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ойрын хугацаанд хэлж буй үг, өгүүлбэр бүр цаанаа долдугаар сарын 1-ний нууцыг дэлгэх болж. Гэхдээ МАХН-ын байрыг тойрсон жагсагчид хийгээд тэдний эсэргүүцэлд өртсөн байшин барилгын тухай бус. Хамгийн ноцтой нь тэр үдэш саарал ордонд өрнөсөн эрх мэдэлтнүүдийн хоорондын яриаг бага, багаар нь дэлгэж буйд оршино. Тэрбээр өнгөрсөн сард “С.Баяр онц байдал зарлахыг тулгасан” гэж мэдэгдсэн бол энэ удаад эл хэрэгт гэрчээр асуугдаж болох нэгэн эрхмийг зарлав.

Тэр нь Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Улсын Ерөнхий про­курор Д.Дорлигжав сая­хан “Ерөнхий сайд асан С.Баяраас тайлбар авна. Тэд өгөх үүрэгтэй” гэж мэдэгдсэн. Тэгвэл улсын Ерөнхий прокурорын тайлбар өгөх үүрэгтэй гэдгийг нь сануулах дараагийн хүн нь Н.Энхбаярын хэлснээр бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байх нь.

Учир нь Ц.Элбэгдорж  7-р сарын 1-ний үдэш   намын дарга нарын тусгай уулзалт дээр  “Цагдааг хариуцдаг албан тушаалтны хувьд та нар цагдаа нараар хүн буудуулахаа боль” хэмээн С.Баяр руу дайрсан гэнэ. Дайрах дайрахдаа “Миний халаасанд хонгио байна. Цагдаагийнхны буудсан сумны хонгио. Танай цагдаа хүн буудаж байгаагийн баталгаа надад байна” гэжээ. Энэ бол Н.Энхбаярын дэлгэж буй ээлжит баримт.

Үнэхээр тэр үед одоогийн  Ерөнхийлөгчийн халаасанд  байсан тэр хонгио долдугаар сарын 1-ний хэргийн талаар бодит мэдээлэл болж чадах болов уу. Ямартай ч  Ерөнхий прокурор  Д.Дорлигжавын дуудаж тайлбар авах хүний тоо ийнхүү нэгээр нэмэгдлээ.  Харин энэ тохиолдолд Ерөнхий прокурор өөрийгөө томилсон хүнийг дуудаж хэрэгцээтэй мэдээллийг авч чадах эсэх нь сонин. Тэгээд ч улсын Ерөнхийлөгчийг прокурор дуудаж болдог эсэх нь бас эргэлзээтэй л юм.   Гэхдээ Н.Энхбаярын хэлсэн энэ нэн шинэ баримтыг өшөө хорсол уу эсвэл шалдаа буусан хүний үнэн үг үү гэдгийг ялгаж салгах өдөр ирэх л биз. 

Н.Энхбаярын тодорхой тайлбар хийгээгүй  ч дараагийн нэг дэлгэх ёстой баримт бол Ерөнхий сайд асан С.Баярын Цагдаагийн ерөнхий газрын дарга М.Ганболдыг ажлаас нь өөрчилсөн шалтгаан. Энэ талаар экс Ерөнхийлөгч “М.Ганболдыг тодорхой нэг хэргийг шүүхээр шийдэгдсэнээс ердөө ганц, хоёрхон өдрийн дараа Цагдаагийн ерөнхий газрын дарга М.Ганболдыг ажлаас нь өөрчлөх зохисгүй зүйл болсон. Нэг хэргийг цагдаагийн байгууллага үүргээ биелүүлж шалгаж тогтоогоод прокурорт шилжүүлсэн, прокурор ял төлөвлөж шүүхэд өгсөн. Шүүх тодорхой шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагууд хийх ёстой ажлаа л хийсэн. Тэгснийх нь төлөө Цагдаагийн ерөнхий газрын дарга М.Ганболдыг Ерөнхий сайд ажлаас нь өөрчилсөн. М.Ганболдыг ажлаас нь халсан шалтгаанаа тухайн үед Ерөнхий сайд С.Баяр надад тодорхой хэлж байсан учраас би үүнийг хэлж байгаа юм шүү. Түүнээс биш зүгээр таамаглаж хэлж байгаа юм биш. Надад ний нуугүй, нэлээд бухимдуухан хэлж байсныг нь ч санаж байна” гэжээ.

Яах аргагүй бас нэг нууц. Ерөнхий сайд асан С.Баярыг ирэхэд асуух ёстой шинэ асуулт. Ер нь С.Баяр гэдэг хүн чинь хэн юм бэ. Ерөнхий сайд байхдаа юу хийчихсэн юм бэ гэдгийг  ялгаж салгахгүй орхигдуулвал  чамлалттай санагдаад байна.   Бас  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос  “Би С.Баярт “Миний халаасанд танай цагдаагийнхны буудсан сумны хонгио байна” гэж хэлсэн нь үнэн” гэсэн тайлбар авч чадвал  асуудал нэг шат урагшиллаа гэсэн үг. Дээр нь, өчигдрийн Ерөнхий сайд С.Батболдын ярилцлагад  орсон нэг зүйлийг ч тодруулмаар санагдана.

Тэр нь “С.Баяр дарга бид хоёр Ерөнхий сайдын, намын даргын ажил төрлийн талаар огт яриагүй. Намайг дуудаад “Би өөрийг чинь Ерөнхий сайдад санал болгох гэж байна. Чи чадна аа” гэсэн. Би “За, хичээе ээ” гэсэн. Тэгээд л хаячихаад яваад өгсөн шүү дээ” гэх өгүүлбэр. Ерөнхий сайдын албан тушаал бол яаж ч бодсон “Чи чадна аа. Чамд үлдээлээ” гэхэд нөгөөх нь “За, хичээе ээ” гэж хэлээд л гэнэт хаяад явчих алба биш. Засгийн газар бол хувийн компани бүр ч биш. Тэгэхээр хаячихаад явсан албан тушаалынх нь цаана чухам ямар будилаан хуримтлагдаж үлдснийг нь Н.Энхбаяр аажим, аажмаар дэлгээд байвал сайн л хэрэг.   Гэхдээ  бусдын гэмийг дэлгээд байх биш өөртөө ч  ногдох гэмээ  бас хүлээх ёстой гэдгийг нь сануулчихъя.  Алийн болгон бусдын тухай будилаантай мэдээллийг хэвлэлээр дайж улс төр хийх вэ дээ. Түүнийхээ оронд шулуухан  Ерөнхийлөгчтэй  хамт гэрчийн мэдүүлэг өгөх санал гаргавал зүгээр биш үү.  Үүний тулд ч “Ц.Элбэгдоржийн халаасанд хонгио байсан гэсэн” гэдэг шинэ мэдээлэл дэлгэж өдөөн хатгаа байлгүй.  Харин бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг долдугаар сарын 1-нд олсон хонгиогоо дурсгал болгон хадгалахгүй, үнэнийг үнэнээр нь дэлгэхэд ашиглана гэж найдая. Хэн тэр хонгиог өөрт нь өгсөн бэ?  Тэр үед яг хэдэн цаг болж байсан бэ.  Шаардлага тавихад нь С.Баяр юу гэж хариулсан юм бол?…гээд л асуудал ч босох нь дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж