Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймыг өчигдөр танилцууллаа. Эдийн засгийн тоймд Японы газар хөдлөлт нь Зүүн Азийн эдийн засгийн өсөлтөд түр хугацаанд нөлөөлөх ч бүсийн хүчирхэг эдийн засагт хязгаарлагдмал нөлөө үзүүлнэ гэжээ. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн тэргүүн эдийн засагч Викрам Неру “Зүүн Азид Япон улс чухал байр суурь эзэлдэг учир энэхүү эмгэнэлт үйл явдлын үр нөлөөг бүс нутаг мэдрэх нь дамжиггүй. Гэвч гарах хор хохирлыг зөв тодорхой үнэлэхэд хэтэрхий эрт байна” хэмээсэн юм. Японд улсад сэргээн босголтын ажил эрчимжих тусам эдийн засгийн өсөлт нь хурдасна гэж Дэлхийн банкныхан үзэж байгаа аж. Тухайлбал, Кобэ хотод 1995 онд хүчтэй газар хөдөлж, Япон улс их хэмжээний хохирол амссан. Энэ үеэр Японы худалдааны бууралт хэдхэн улирал үргэлжилж, нэг жилийн дотор импорт нь бүрэн сэргэн, экспортынх нь хэмжээ газар хөдлөлтийн өмнөх түвшнийхээ 85 хувьд хүрсэн түүхтэй аж. Гэхдээ энэ удаагийн газар хөдлөлт өмнө нь болж байгаагүй хохирол учруулсан тул Японы автомашин, электроникийн үйлдвэрлэлийн тасалдал эдийн засгийнх нь өсөлтийг удаашруулах магадлалтай юм. Хэдийгээр Япон улс эдийн засгийн асар их хохирол амссан ч бүс нутагтаа хүчирхэг хэвээрээ байгааг ч хэлж байлаа. Одоогоор Зүүн Азийн урт хугацааны өрийн дөрөвний нэгийг иенээр тооцож байгаагаар энэ нь батлагдана. Тухайлбал, Хятадын нийт өрийн найм, Тайландын нийт өрийн 60 хувийг иенээр тооцож байх жишээтэй. Тиймээс иенийн ханш нэг хувиар чангарахад л Зүүн Азийн хөгжиж буй орнуудын иенээр тооцсон хөрөнгөтэй холбоотой жилийн өрийн хэмжээ 250 орчим сая ам.доллараар нэмэгдэх юм. Үүний улмаас тус бүс нутагт инфляцитай тэмцэх нь богино хугацаанд анхаарах гол асуудал болж байгаа аж. Тиймээс энэ онд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн үр дүн сулрах шинжтэй тооцоо гарсан байна. Харин бүсийн дунд орлоготой орнуудад орж ирж буй хөрөнгийн урсгал нэмэгдэж байгаа болон хүнс, түүхий эдийн үнэ нь ихээхэн өсч байгаа нь мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхэд нь нэлээд түвэг үүсгэж байгааг судалгаагаар тогтоожээ. Дунд орлоготой орнуудын хувьд зохицуулалтын дарамт төсвийн бодлогод ихээхэн ачаалал өгч, “толгойны өвчин” болох нь ээ. Тухайлбал, онц шаардлагатай дэд бүтцийг санхүүжүүлэх, нийгмийн хөрөнгө оруулалт болон ядууст өгөх бэлэн мөнгийг баталгаажуулах зэрэг нь дээрх асуудлын эх үүсвэр болж байгааг Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймд онцолсон байна.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин