Сансрын нисгэгч ахаа, сайн уу

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Сансрын нисгэгч ахаа, сайн уу

Монгол Улсын баатар, ЗСБНХУ-ын баатар, Монгол Ул­сын сансрын нисгэгч, дэслэгч гене­рал Жүгдэрдэмидийн Гүррагчаа одоо­гоос 30 жилийн өмнөх энэ өдөр буюу  1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗСБНХУ-ын нисгэгч В.Жанибековын хамт сансарт нис­сэн юм. Зөвхөн Ж.Гүррагчаа гэдэг­тээ ч бус Монгол хүн анх удаа сан­сарт ниссэн гэдгээрээ энэ үйл явдал түүхэнд илүү тод үлдсэн юм. Тэр үеийн ЗСБНХУ, БНМАУ-ын хам­тарсан нислэг долоо хоног үргэлжилсэн байна. Нислэгийн баг мөн сарынхаа 30-нд эх дэлхийд ам­жилттай газардсан нь ниссэнээсээ ч дутахааргүй баярт мэдээ байсан гэдэг. Угаасаа эх газраас тасрах, эс­вэл буулт хийх нь сансрын хөлгийн хувьд хамгийн эрсдэлтэй агшин байдаг болохоор ингэж баярлахаас өөр арагүй. Тиймээс хөдөөний жи­рийн малчнаас авахуулаад төрийн сайд, дарга нарын хэмжээнд энэ өдрүүдийг саяхан болтол жил бүр орон даяар тэмдэглэлт баяр болгон тэмдэглэж ирсэн юм. “…Сансрын нисгэгч ах аа, сайн яваад ирэв үү” хэмээн багачууд дуулж, 1981 онд төрсөн хүмүүсийн ихэнх нь Сансар, Огторгуй, Гүррагчаа гэдэг нэртэй байдаг нь ч цаанаа ийм учиртай. Тийм ч учраас Орос, Монголын ха­рил­цааг гүнзгийрүүлж ах, дүүгийн хэмжээнд хүргэсэн гэж төр, засгаас үнэ­лэн Ж.Гүррагчааг тухайн үед үн­дэсний баатраар өргөмжилсөн байна. В.Жанибеков, Ж.Гүррагчаа на­рын хөлөг сансрын тойрог замд ажиллаж байсан “Салют-6” эр­дэм шинжилгээний лаборатори хө­лөгтэй залгагдаж, тэнд 30-аад төр­лийн сорилт туршилт хийсэн гэдэг. Эдгээрээс Монгол аргаар боловс­руулсан чацарганатай сүү, бор­цыг сансарт авч явж туршсан нь энэ төрлийн эрдэм шинжилгээний ажилд Ж.Гүррагчаагийн оруулсан томоохон хувь нэмэр  гэж одоо ч  эрдэмтэд үнэлдэг билээ. Энэхүү түүхэн үйл явдлаар одоо ч монгол хүн бүр бахархдаг. Тэр үеэс хойш дэлхий дахин төдийгүй манай орны хувьд ч олон зүйл өөрчлөгдөж, өнөөдөр 40-өөд орон өөрийн иргэнээ сансарт нисгэж, 400 гаруй хүн сансрын тойрог замд ажиллаад байна. Энэ дунд Монголын нэрийг гаргасан ганц хүн нь тэр. Үүнээс гадна Ж.Гүррагчаа 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллан, улс төрд ч хүч үзэж явсан нэгэн. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт МАХН-аас дахин нэр дэвшиж өрсөлдөөд өвдөг шороодсон юм. Харин сүүлийн хоёр жил таг чиг. “Өөрийнхөө” баярын өдрөөр  үзэгдээд л алга болчихдог боллоо.

           Н.МӨНХТӨВШИН

                                              Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж