Монгол Улсын баатар, ЗСБНХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисгэгч, дэслэгч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа одоогоос 30 жилийн өмнөх энэ өдөр буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗСБНХУ-ын нисгэгч В.Жанибековын хамт сансарт ниссэн юм. Зөвхөн Ж.Гүррагчаа гэдэгтээ ч бус Монгол хүн анх удаа сансарт ниссэн гэдгээрээ энэ үйл явдал түүхэнд илүү тод үлдсэн юм. Тэр үеийн ЗСБНХУ, БНМАУ-ын хамтарсан нислэг долоо хоног үргэлжилсэн байна. Нислэгийн баг мөн сарынхаа 30-нд эх дэлхийд амжилттай газардсан нь ниссэнээсээ ч дутахааргүй баярт мэдээ байсан гэдэг. Угаасаа эх газраас тасрах, эсвэл буулт хийх нь сансрын хөлгийн хувьд хамгийн эрсдэлтэй агшин байдаг болохоор ингэж баярлахаас өөр арагүй. Тиймээс хөдөөний жирийн малчнаас авахуулаад төрийн сайд, дарга нарын хэмжээнд энэ өдрүүдийг саяхан болтол жил бүр орон даяар тэмдэглэлт баяр болгон тэмдэглэж ирсэн юм. “…Сансрын нисгэгч ах аа, сайн яваад ирэв үү” хэмээн багачууд дуулж, 1981 онд төрсөн хүмүүсийн ихэнх нь Сансар, Огторгуй, Гүррагчаа гэдэг нэртэй байдаг нь ч цаанаа ийм учиртай. Тийм ч учраас Орос, Монголын харилцааг гүнзгийрүүлж ах, дүүгийн хэмжээнд хүргэсэн гэж төр, засгаас үнэлэн Ж.Гүррагчааг тухайн үед үндэсний баатраар өргөмжилсөн байна. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нарын хөлөг сансрын тойрог замд ажиллаж байсан “Салют-6” эрдэм шинжилгээний лаборатори хөлөгтэй залгагдаж, тэнд 30-аад төрлийн сорилт туршилт хийсэн гэдэг. Эдгээрээс Монгол аргаар боловсруулсан чацарганатай сүү, борцыг сансарт авч явж туршсан нь энэ төрлийн эрдэм шинжилгээний ажилд Ж.Гүррагчаагийн оруулсан томоохон хувь нэмэр гэж одоо ч эрдэмтэд үнэлдэг билээ. Энэхүү түүхэн үйл явдлаар одоо ч монгол хүн бүр бахархдаг. Тэр үеэс хойш дэлхий дахин төдийгүй манай орны хувьд ч олон зүйл өөрчлөгдөж, өнөөдөр 40-өөд орон өөрийн иргэнээ сансарт нисгэж, 400 гаруй хүн сансрын тойрог замд ажиллаад байна. Энэ дунд Монголын нэрийг гаргасан ганц хүн нь тэр. Үүнээс гадна Ж.Гүррагчаа 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллан, улс төрд ч хүч үзэж явсан нэгэн. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт МАХН-аас дахин нэр дэвшиж өрсөлдөөд өвдөг шороодсон юм. Харин сүүлийн хоёр жил таг чиг. “Өөрийнхөө” баярын өдрөөр үзэгдээд л алга болчихдог боллоо.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин