
“Эрүүл мэндийн даатгал-Даатгуулагч таньтай хамт” аян энэ сарын 9-16-ны хооронд харъяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд харъяаллын дагуу нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, эмийн сан, өрхийн эмнэлгүүд, томоохон худалдааны төвүүд, их дээд сургуулиуд дээр эрүүл мэндийн даатгалын сурталчилгааны өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс төрийн үйлчилгээний өрөөнд, ширээний ард байхаасаа илүү, хэрэглэгчиддээ хүрч үйлчлэхийн тулд ЭМД-н шимтгэл төлөлт, дэвтрийн баталгаажуулалтыг өдөрлөгийн хүрээнд хийсэн ажээ.
ЭМД-ын аяны үргэлжлэл болгон ард иргэдийн ихээр цугладаг газар болох “Нарантуул” худалдааны төвд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын байцаагчид зохион байгууллаа. Энэ үеэр нийт 851 хүнд зөвлөгөө өгч ундаа шүүсээр үйлчилсэн байна. Үүнээс 312 иргэн эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээлгэх сунгуулах зэрэг үйлчилгээг газар дээр нь авчээ. Харин “Хархорин” зах дээр ажилласан Баянгол дүүргийн нийгмийн даатгалын байцаагчид 1000 хүнд зөвлөгөө өгснөөс 357 хүн эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээлгэж, тус тус эмнэлгийн анхан шатны үзлэгт хамрагдсан байна.
Иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд харъяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр 0-16 насны хүүхэд бол төрсний гэрчилгээ, 16-наснаас дээш бол иргэний үнэмлэх, 1 хувь цээж зурагтай очих хэрэгтэй ажээ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын 4 хувиар буюу даатгуулагчаас 2 хувь, ажил олгогчоос 2 хувиар шимтгэлээ төлөх бөгөөд ийнхүү төлсөн шимтгэлийг тухайн ажил олгогчийн нягтлан бодогч нь эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд бичиж, нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай юм байна.