100 мянган айлын орон сууц хөтбөрт нийт 300 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа бөгөөд одоогоор дээрх хөрөнгөөс хэдэн хувийг нь дэд бүтэц, барилгажилтад зарцуулах нь тодорхойгүй байна. Ямар ч байсан бидэнд ирсэн мэдээллээр энэ долоо хоногт Үндэсний хороо хуралдаж асуудлыг нэг тийш болгох аж.
Үүнтэй холбогдуулан Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Төрийн албан хаагч хувийн хэвшлийнхэн хэмээн алагчлахгүйгээр орон сууцжуулахаар болсон. Хэрэгжих шатлалыг нь танилцуулахгүй юу?
– Монгол улсын шадар сайд М.Энхболд даргаар ахлуулсан Үндэсний хороо уг асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Ерөнхийдөө төрийн албан хаагч иргэд гэхгүй бүхий л иргэд хамрагдана. Бусад асуудал дээр судалгаа хийгдэж байна Үндэсний хорооны хуралдаан энэ долоо хоногт болно. Уг хуралдаанаар хэрхэх нь тодорхой болох болов уу.
-Гадуур зургаан хувьтай холбоотойгоор бага зэрэг асуудал гарч байх шиг. Хэдхэн сарын өмнө байрны зээлд хамрагдсан иргэд найман хувийн хүүтэй зээлээ зургаан хувиар тооцож авъя гэж байна?
-Энэ талаар ярьхад эрт байна. Дээрх асуудал тодорхой болохоор Найман хувийн асуудал шийдэгдэх байх.
-Монголбанкнаас энэ тал дээр саналаа илэрхийлсэн байсан. Бүгдийг нь зургаан хувь болговол хавтгайруулсан, халамжийн шинжтэй болно гэсэн байсан?
-Би хувьдаа улсын төсөвт айхтар их дарамт үүсэхгүй бол нэг хэсэг нь зургаа, нөгөө нь15 хувийн хүүтэй байж болохгүй байх гэж бодож байна. Эдийн засагт үзүүлэх дарамтаасаа л шалтгаална. Хэчнээн хүн зээл авсан юм. Түүнээсээ хамаарна. Хэрвээ нийтэд нь зургаан хувь болгоно гэдгийг хавтгайруулсан, халамжийн шинжтэй гэж ойлгож байгаа бол дэлхийн бусад орнуудад олгож байгаа орон сууцны бүх зээлүүд халамжийн шинжтэй болж таарах нь ээ. Энэ чинь үнэгүй юм өгч байгаа хэрэг биш шүү дээ.
-Ер нь зургаан хувь найман хувийн бодит зөрүү ямар байгаа юм бэ?
-Зээлийн хүүгийн хувьд сүртэй зөрүү биш. Харин хугацаа яривал өөр хэрэг болно. Хугацаа урт байх тусмаа л сайн. Ер нь жинхэнэ орон сууцны урт хугацааны зээлийг хэрэгжүүлж нэвтрүүлье гэх юм бол зээлийн хүү 6 хувиас доош байх шаардлагатай.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин