Арилжааны банкууд “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгохын тулд иргэдээс 300 төгрөгийн хураамж авч байгаа. Зөвхөн ХААН банкны салбаруудаар л гэхэд Монгол Улсын нэг сая гаруй иргэн 21 мянган төгрөгөө авдаг гэсэн тоо бий. Тэгэхээр тус банк сард ойролцоогоор 300 сая төгрөгийг иргэдийн халааснаас хуримтлуулдаг ажээ. Тус банкныхан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай байгуулсан гэрээгээ зөрчиж дур мэдэн 300 төгрөгийн хураамж авч байсан талаар өмнө нь манай сонин мэдээлж байсан билээ. Харин одоо гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг харилцан тохиролцсон бололтой Дээрээс нь “дараалал үүсгэхгүйн тулд” гэсэн шалтгаанаар иргэн тус бүрийг өөрийн банкны харилцагч болгох гээд арилжааны банкуудад “Хүний хөгжил сан”-гийн мөнгөнөөс олох ашиг их байна.
ХААН банкны Маркетингийн албаны дарга М.Чанцалмаагаас дараах асуултад хариулт авлаа.
-Иргэд дараалалд зогсохгүйн тулд заавал танай банкны картыг авах ёстой юм уу. Өөр арилжааны банкинд нээлгэсэн данс руу нь мөнгийг нь шилжүүлэх боломж байгаа юу?
-Тийм боломж одоогоор байхгүй байна.
-Яагаад?
-Банк хоорондын гүйлгээ хийх боломж “Хүний хөгжил сан”-гийн мөнгөний тухайл бол огт байхгүй.
-Энэ нь танай банкны харилцагчдын тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа болохоор тэр үү?
-“Хүний хөгжил сан”-гийн мөнгийг картаар олгох болсонтой холбоотойгоор манай банкны харилцагчдын тоо нэмэгдсэн зүйлгүй. Харин ч алдсан гэж ойлгож болно. Манай банкны харилцагчид Хадгаламж, Капитал банкнаас эх орны хишгээ авч байгаа тохиолдол олон байгаа шүү дээ.
-Сар бүрийн дунд үеэс танай банкны салбаруудад урт дараалал үүсдэг. Олон хүн ХААН банкны аль ч салбараас мөнгөө авч болохгүй юм уу гэсэн саналыг гаргаж байна?
-Тийм боломж мөн л байхгүй. Иргэд данс нээлгээд картаа л авчих хэрэгтэй. Манай банкаар дамжуулж “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө авдаг иргэд данс нээлгэчихвэл 21 мянган төгрөгөө авах гэж өдөржин урт дараалал үүсгэдэг байдал үгүй болох юм. Дээрээс нь данс нээлгэсний дараа цахим банк, мобайл банкны үйлчилгээг ашиглаж болно. Одоогийн байдлаар уг үйлчилгээг үнэгүй ашиглах эрхийг нээж өгсөн байгаа. Дараалал үүсгэж байгаа хүмүүсийн дунд мөнгө орсон эсэхийг асуух гэсэн хүн олон байдаг. Тиймээс дээр дурьдсан үйлчилгээг ашиглаад дансныхаа үлдэгдлийг шалгаж болно.
Тэрбээр ийн ярив. Нэгэнт данс нээлгээд бэлэн мөнгөний карт авчихсан иргэд тус банкаар байнга үйлчлүүлдэг болох нь мэдээж. Хадгаламж, Капитал банкнаас мөнгөө авч байгаа, ХААН банкны харилцагч иргэд “Мөнгөө авч байгаа банкиндаа данс нээлгэх бодолтой байгаа. Гэхдээ өмнө нь үйлчлүүлдэг байсан газраараа үйлчлүүлсэн хэвээр байна” гэх хариултыг өгч байсан. Тэгэхээр эдгээр банкуудын харилцагчдын тоо буурах бус харин ч өсөх бололтой.
Иргэн Л.Энхбаяр:
-Манай гэрийнхэн “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө ХААН банкны “Ард” кино театрын хажуу талд байрладаг салбараас авах хуваарьтай. Мөнгө орсны дараа уг банкин дээр урт дараалал үүсдэг. Одоохондоо тус банкны картыг аваагүй байгаа. Би уг нь Голомт банкаар үйлчлүүлдэг юм. Гэтэл одоо хүссэн, хүсээгүй ч уг банкны харилцагч болох хэрэгтэй бололтой. Бусад банкуудаар дамжуулан мөнгөө авч буй иргэд ч ялгаагүй.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин