Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Супермаркет орсон нь

Би супермаркет орлоо. Тухайн үед үүнээс өөр арга байсангүй. Гадаа шороогоор шуурч, алхахын аргагүй байв. Тиймээс толгой хорогдох аятайхан газар орж, шороон шуургыг өнгөрөөх хэрэгтэй болсон юм. Тэгэнгээ ойр зуурын хүнсээ авчихъя, байз. Гэхдээ би супермаркет руу зүглэж байхдаа их л болгоомжилж байв. Учир нь тэндэхийн бүх бараа үнэтэй байгаа. Би мэдэж байна. Тохилог байранд найрсгаар инээмсэглэн угтаж үйлчилдэг ажилтнуудтай супермаркет битгий хэл шороо, тоос, олны хөл бужигнасан зах дээр хүртэл юмны үнэ нэмэгдчихээд байгаа цаг шүү дээ.

Шатахууны үнэ өссөн тэр цагаас хойш дэлгүүр орж, юм худалдан авах итгэл найдвар минь сүүмэлзэж эхэлсэн юм. Бензин, түлшний үнэ 300 төгрөгөөр нэмэгдэхэд түүнийг дагаж миний авдаг талхны үнэ мөн л 300 төгрөгөөр өссөн. Таксины жолооч нар километр тутамд 600 төгрөг авдаг байсан бол 800 төгрөг авдаг болсон юм. Тэд ямар тооны машинаар тоо бодож, үнэ хөлсөө нэмснийг мэдэхгүй байна. Гэхдээ бензины үнэ өсвөл миний халааснаас гарах мөнгөний хэмжээ ч нэмэгдэнэ гэдгийг баттай ойлгож билээ.

Супермаркетад нэг хайрцаг сүү 1450 төгрөгийн үнэтэй байв. Дөрвөлжин хар талх 750 төгрөг. Нэг килограмм төмс, нэг хайрцаг жүүс, масло гэх мэт авах зүйлс ар араасаа гарч ирсээр байв. Би дотроо нийт мөнгөн дүн нь хэд орчим болох вэ гэдгийг багцаалахыг хичээж байв. Ингэж толгойгоо гашилгаж байхаар кассан дээр очих хэрэгтэй. Тэд надаас мөнгө авах гэж байгаа юм чинь алдаж бодно гэж үү. Би супермаркет орсондоо харамссаар гарах хаалга руу чиглэлээ. Хэдийгээр хэрэгтэй зүйлээ худалдан авч байгаа боловч дараагийн хэд хоног бүсээ чангалахаас өөр аргагүй боллоо. Гадуур явж байгаад таксидах гэтэл мөнгө байхгүй бол яана. Гэнэтхэн цас орж, шуурлаа гэхэд би өөрийгөө ямархуу өрөвдөлтэй байдалтай зогсохоо төсөөлж байлаа. Хаврын тэнгэр олон ааштайг ч хэлэх үү. Дахиад бензиний үнэ нэмэгдвэл юу болох бол гэж бодохоор дотор муухайрах шиг.

Кассны өмнө очоод зогстол худалдагч бүсгүй хэлж байх юм гэнэ.

-Та дахиад нэг бараа худалдаж авбал манай сугалаат хонжворт оролцох боломжтой болох юм байна.

-Танай сугалаа ямар хонжвортой юм бэ дээ, тэгээд?

-Та 200 саятан, Супер азтан гэх хоёр төрлийн сугалаанд оролцож болно. Эхнийхт нь оролцсоноор та нэг сая төгрөгийн эрхийн бичиг хожих боломжтой. Долоо хоног бүр таван азтанд ийм хонжвор өгч байгаа.

-Супер азтан нь юу авах вэ?

-Цоо шинэ жийп автомашин, хоёр өрөө байр.

-За яах вэ. Дахиад юм авъя.

Би сугалаанд хожино гэдэгтээ итгэсэнгүй. Ер нь иймэрхүү зүйлийг тоодог ч үгүй. Зүгээр л жаахан жимс нэмж худалдаж авмаар санагдсан учир худалдагчийн үгэнд орсон юм. Тэгээд ч ер нь тэд миний сугалааг хайрцаг руугаа яг хийдэг эсэхийг ч мэдэхгүй байж хонжворыг нь авна гэж төсөөлөх ч хэрэггүй. Зарим супермаркет хэрэглэгчдийг татах гэж иймэрхүү сүржин зүйл ярьдаг юм билээ. Тэдний аль нэг рүү нь би орсон бололтой. Тэгсэн худалдагч дахиад надад хандаж хэлж байх юм гэнэ.

-Та сугалааныхаа нэг хувийг хуйлаад энэ хайрцаг руу өөрөө хийчихгүй юү.

За, яах вэ. Бусдаас ялгаатай л юм байна. Гэлээ гэхэд супермаркет ороод мөнгө өгч сурснаас биш авч үзээгүй хүний хувьд би иймэрхүү сугалаа, хонжворт итгэхийн арга алга.  Би ч мөнгөө төлөнгүүтэй тэндээс бушуухан гарч одлоо. Тэр өдрөөс хойш долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд супермаркет орж, супер сугалаанд нь оролцсон тухайгаа би ганц, хоёр удаа л дурссан юм. Сүүлдээ ямар супермаркет орсон билээ гэдгээ  ч санахаа болив. Санах ч шаардлага алга. Тэртэй тэргүй би сугалаанд хожиж байсан түүхгүй. Тиймээс энэ бол надад хэрэггүй мэдээлэл. Гэхдээ тэр нэг өдөр миний утас гэнэтхэн дуугарах хүртэл шүү дээ. Би утсаа авав.

-Байна уу?

-Сайн байна уу. “Макс” супермаркетаас ярьж байна. Та манай азтан боллоо.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж