Монгол Улсын гавьяат тамирчин, Барселоны олимпийн хүрэл медальт, Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Намжилийн Баярсайханыг “Ярилцах танхим”-ын зочноор урилаа.
-Өмнөх олимпийн ялалтын дуулиан намдахгүй байсаар дараагийн олимптой золгох гэж байна. Энэ мөчид боксын холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар шүүмжлэлтэй хандах хүн ч цөөнгүй байна. Та тус холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд бодит байдал ямар байгаа талаар үнэнийг хэлэх байх?
-Ерөнхийдөө Т.Үйтүмэн гавьяатын өгсөн ярилцлагатай холбоотой асуулт тавилаа гэж ойлгож байна. Би хэвлэлээс тэр ярилцлагыг уншсан. Т.Үйтүмэн Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сүүлийн зургаан жил ажилласан. Би 1995-2001 онд гурван ерөнхийлөгчийн үе дамжин яг энэ ажлыг хийсэн болохоор зовлон, жаргал, ачааллыг нь сайн мэднэ. Тиймээс Үүеэг ойлгож байна. Түүнийг би муу хэлэхгүй. Гэхдээ алдаа дутагдлыг нь хэлэх ёстой. Ямар ч ажил хийхэд 100 хувь сайн ажилласан гэсэн дүгнэлт гаргах нь үнэнд нийцдэггүй шүү дээ.
-Тэр алдаа дутагдал нь юу байсан гэж. Үнэхээр танай холбоонд ерөнхий нарийн бичгийн даргын албыг авах сонирхолтой хүн байсан юм уу?
-Т.Үйтүмэн юу бодож тэгж хэлснийг би мэдэхгүй. Үүеэ өөрөө “цалингүй ажил” гээд байдаг тэр ажлыг хэн авах гээд байсан нь сонин л байна. Бокс бол Монголын ард түмний хайртай спортуудын нэг болоод удаж байна.
Бид боксоо хөгжүүлэхийн төлөө мөнгөтэй ч, мөнгөгүй ч зүтгэдэг. Миний хувьд 2008 оны олимп хүртэл Удирдах зөвлөлийн гишүүний хувьд Т.Үйтүмэнтэй хамт ажиллаж байсан. Олимпоос хойш хурал, зөвлөгөөнд ч намайг дуудахаа больсон. Би ч ажил ихтэй болохоор “Миний хэрэг байхгүй юм байлгүй” гээд орхисон. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай холбооны хурал болсон. Энэ хурлаар Боксын холбоог ерөнхийлөгчтэй болгох тухай хэлэлцсэн. Олон хүний нэрийг дэвшүүлсний дотор Үүеэгийн нэр ч байсан. Би “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзоригийг дэмжсэн хүмүүстэй санал нэгдэж байлаа. Бүр Ч.Ганзориг захирлыг гуйж байгаад холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгосон. Олимп дөхчихсөн, ажил их, цаг бага үлдсэн болохоор удирдлагаа сольсноор буруудах вий гэсэн болгоомжлол хэн хүнд төрж л байсан байх. Хэл ам гарч магадгүй гэсэндээ ч бид нэлээд нухацтай ярилцаж байж ийм шийдвэрт хүрсэн.
-Тэгээд яагаад гавьяат маань үүнд гомдолтой хоцрох болов оо?
-Уг нь Т.Үйтүмэнгээс албан тушаалыг нь булаалдсан хүн байхгүй л дээ. Би ч гэсэн тухайн үед “Энэ ажлыг нь өгчихье, чаддаг нь хийнэ биз” гэж ярьж байсан үе бий. Үүеэ ч гэсэн тийм л сэтгэхүйтэй болчихсон байсан. Манай Т.Үйтүмэнгийн гэр бүлийн хүн нь эмч мэргэжилтэй. Тэгээд Азийн боксын холбооны эмч нарын зөвлөлийн бүрэлдэхүүнд гэргийгээ оруулчихсан юм билээ. Гадаадад болох тэмцээн, уралдаан бүрт дагуулж явдаг. Дотоод ч гэсэн тэмцээн, уралдаан зохион байгуулахад холбооны ажилд Т.Үйтүмэнгийн эхнэр нь ямар нэг хэмжээгээр оролцдог. Ахмад тамирчдыг ялгаварлан гадуурхдаг гэхчлэн нэлээд хэл ам гардаг л даа. Аливаа ажилд даргын эхнэр ороод ирэхээр ам сайтай байдаггүй шүү дээ. Тиймэрхүү л юм болов уу даа. Би ч гэсэн өнгөрсөн оны Оюутны дэлхийн аваргын шагнал, мандатаа авахын тулд Үүеэгийн эхнэрээс очиж зөвшөөрөл, гарын үсэг авсан. Тухайн үед сонин л мэдрэмж төрдөг юм билээ. Энэ мэтийн хэл ам нөлөөлсөн байх. Т.Үйтүмэн маань Боксын холбооны бага хурал дээр ажлаа өгмөөр байна гэж хэлэхэд нь тэнд байсан ихэнх хүмүүс алга ташаад баяр хүргэчихсэн. Түүнд л нэлээд гомдсон байх. Түүнээс биш Т.Үйтүмэнг түлхсэн хүн байхгүй. Холбооны ерөнхийлөгч түүнийг Төвийн бүс хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллахыг санал болгосон. Гэтэл өөрөө дургүйцсэн. Өөрөө дургүйцэж байхад бид яах юм бэ.
-Эмчээр ажиллахад ч болохгүй юм байхгүй л баймаар. Харин гадаадад явхад зардлыг нь хаанаас гаргадаг юм бэ?
-Төрөөс, Биеийн тамир, спортын газар болон ивээн тэтгэгчдээс зардлыг гаргадаг. Ямар ч байсан хувийн зардлаараа явдаггүй юм. Тэр бол баараггүй үнэн.
-Гэхдээ л Монголын ард түмэн олимпийн үеэр “Илүү, илүү” хэмээн нулимстай, инээдтэй тамирчдаа сойж, догдолж суусан Үүеэг буруутгахгүй байх аа. Энэ бол түүнд жаахан ч гэсэн оногдох гавьяа мөн биз дээ?
-Спорт, түүний амжилт хүний зүрхний цохилт шиг хэмнэлээр явдаг. Жишээ нь П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нар олимпоос медаль авахдаа 23-24 настай байсан. Дахиад дөрвөн жилийн дараа амжилт нь ямар байхыг одоо хэлэхэд эрт байна. Дөрвөн жил гэдэг тамирчин хүнд урт хугацаа. Тэр хооронд амжилтаа ахиулах нь ч бий. Спортоо орхиод зодог тайлж ч болно шүү дээ. Хамгийн гол нь П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нартай өрсөлдөх тамирчид хараахан төрөөгүй байгаад шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй.
-Т.Үйтүмэн гавьяатын үед Боксын холбоо сайн ажиллалаа, түүний үед олимпийн алт, мөнгөн медальд хүрлээ гэж боддог хүн цөөнгүй байх. Та бол олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарсан нь л энэ цаг үе болохоос үүнийг ерөнхий нарийн бичгийн даргын гавьяа гэж хэлэх гээд байна, тийм үү?
-Би дээр хэллээ шүү дээ. 2008 оны олимп хүртэлх хугацаанд Т.Үйтүмэнгийн багт Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан гэж. Үнэхээр саад бэрхшээлийг хамтдаа туулж, сайдаж муудан зүтгэсэн. Гэхдээ “Бид олимпийн аварга төрүүлсэн” гэж ярьж хэзээ ч болохгүй.
-Яагаад Үүеэ гавьяат тэгж онгирч болохгүй гэж. Үүнд нарийн учир байна аа даа?
-Яагаад гэвэл Монголд боксын спорт үүсч, хөгжөөд 60 гаруй жил болчихож. Олимпийн аварга төрнө гэдэг нь тэр үеэс өнөөг хүртэл зүтгэсэн тус холбооны үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, багш, дасгалжуулагч, тамирчдын хөдөлмөрийн үр шим юм. Түүнээс биш 2005 онд Д.Цогбаатар ерөнхийлөгч, Т.Үйтүмэн ерөнхий нарийн бичгийн дарга болоод олимпийн аварга төрүүлчихсэн гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Өөрөөр хэлбэл, Ж.Наранцацралт агсан, Ш.Сайхансамбуу нарын үед Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар дөнгөж тоглож эхэлж байлаа. Тэр үед нэг жилд 15 тэмцээнд оролцдог байсан. Шүүгч нар хүртэл “Сард хоёр тэмцээнд оролцоход арай ч ядардаг юм байна шүү” гэж ярьж байсан. Үүний үр дүн л одоо гарч байгаа нь энэ юм шүү дээ.
-Жилд дотоодын тэмцээнийг 15 удаа зохион байгуулж байсан гэж та ярилаа. Одоо тийм хэмжээний тэмцээн зохион байгуулахгүй байгаа юм уу. Ер нь олимпийн медальтнуудаас бусад тамирчдыг, тэр тусмаа залуу халааг бэлтгэх талаар тааруу ажиллаж байна гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?
-Ерөөсөө дэлхийн аль ч улсын практикт олимпийн аварга төрсөн бол түүний өрсөлдөгчийг яаралтай бэлтгэх болдог. Наанадаж 2-3 сайн өрсөлдөгч бэлдчихсэн байва дараагийн аварга төрөх магадлалтай. Манайхан гадаад тэмцээн уралдаанд хамаг хөрөнгө мөнгөө зарцуулаад, дотоодын тэмцээнийг зохион байгуулах, шинэ залуу тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэх тал дээр анхаарах нь багасчихаад байна. Энэ талаар Т.Үйтүмэн сул анхаарсан гэдэгтэй санал нийлэхээс өөр аргагүй.
-Цалингүй ажилладгаас болж урам хугарсан байдал ажиглагдаж байсан. Та ч гэсэн цалингүй ажиллаж байсан уу. Яагаад цалинжуулж болдоггүй юм бэ?
-Би ч гэсэн цалингүй ажиллаж байсан. Гэхдээ огт цалингүй ч биш л дээ. Яагаад гэвэл ард түмэн тусалдаг. Талийгаач Ж.Наранцацралт сайд, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, “Даймонд” компанийн захирал Золбоот нарыг Боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад би тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Цалингүй ажиллаж байгааг мэдэж байгаа болохоор ямар нэг байдлаар тусладаг л байсан. Жишээ нь Ж.Наранцацралт агсан л гэхэд хотын захиргааны нэрийн өмнөөс Т.Үйтүмэн, Н.Энхбат бид гуравт клубын нэр дээр газар өгч байсан. Монголынхоо нэр хүндийг өндөрт өргөсөн сайн тамирчид бэлтгээрэй гээд клуб байгуулах газар өгсөн нь үнэлж баршгүй том тусламж болж байлаа. Цалингүй ч гэсэн сэтгэл байхад болдог л байхгүй юу. Тиймээс миний хувьд үнэндээ цалингүй ажиллаж байсан гэж хэлэх дургүй.
-Боскын холбооныхны талаар хов живийн чанартай олон яриа гардаг. Наанадаж хуурамч виз гаргасан, хувьдаа идэж завшсан гэхчлэн. Үнэхээр ийм явдал байдаг уу, үүнийг цэгцэлж чадсан уу?
-Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болчихоод хувьдаа завшин, идэж уугаад байх юм юу байх вэ дээ. Одоо ч бас нэг үеэ бодвол манай улс баян болж. Хувийн компаниуд ч биднийг сайн дэмжиж тусалдаг болсон. Зах зээлийн шилжилтийн үед, компаниуд ингэтлээ томроогүй ядуу байхад янз бүрийн асуудал гардаг л байсан. Ямар сайндаа барууны оронд гурван тамирчнаа явуулахын тулд гадны гурван хүнд хуурамч виз гаргуулаад, тэндээс олсон ашгаараа зардал хийгээд явж байсан тохиолдол ч бий. Одоо бол тийм зовлон алга. Улс ч, компаниуд ч, тамирчдын ар гэрийнхэн ч бололцоотой болж. Мөнгөтэй болоод ирэхээр тухайн спортын хөгжил аяндаа өөрчлөгдөж байна.
-Тухайлбал таны хувьд 1992 онд дэлгүүрийн лангуу хоосон, хүнсээ картаар олгож байсан үед яваад Барселоны олимпоос хүрэл медаль авчирч байлаа. Одоогийнхтой харьцуулахад заримдаа атаархмаар санагддаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Үе үеэрээ байдаг. Тухайн үед нийгмийн байдал ямар байсныг одоогийн залуус мэдэхгүй. Гэтэл тэр үед олимпийн эрх авах тэмцээндээ ч явах мөнгөгүй. Хоол, хүнсний хангамжийн талаар бүр ярилтгүй байлаа. Өнөөгийн нөхцөлтэй харьцуулбал атаархах үе байлгүй яах вэ. Миний үеийнхэн “Н.Баярсайхан, Н.Энхбат нар одоогийнх шиг нөхцөлд хэд хэдэн медаль, олимп, дэлхийн хошой аварга болчих байсан байх аа” гэж ярьдаг юм. Ядаж л хожиж, хожигдож байгаагаа мэдэж байна. Гэтэл бид хожиж байгаа эсэхээ ч мэдэхгүй зодолдсоор байгаад дуусдаг байсан. Гар өргөхөөр л ялж дээ гэж мэднэ. Одоо манай тамирчид хоёр цохичихоод л толгойгоо тэвэрчихэж байна. Тэгээд пижигнэтэл зугтаад гүйхдээ их сайн. Ялж байгаагаа, оноо, цагаа мэдэж байгаа болохоор тэр. Бидний үед тэгээд гүйвэл шууд “STOP” комманд өгч, торгоод дуусаа. Манай боксынхон 2010 онд Азийн наадмаас медальгүй буцаж ирчихээд, шүүгчгүй байснаас боллоо хэмээн бухаж байна. Үнэндээ бид л ёстой шүүгчгүй, өнчин хүүхдүүд шиг явж байсан юм шүү. Харин одоо шүүгчтэй бол медальтай ирдэг. Шүүгчгүй бол медальгүй ирж болно гэж ярих гээд байна. Тэгж болохгүй шүү дээ.
-Т.Үйтүмэн гавьяат “Амжилт бол цэвэр мөнгөтэй холбоотой” гэж ярьсан байна билээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Ерөөсөө амжилтын 50 хувь нь тамирчнаас, 25 хувь нь спортын холбооны үйл ажиллагаа, менежмент, үлдсэн хувь нь цэвэр эдийн засгийн асуудалтай холбоотой байдаг. Энэ бол амьдрал дээр батлагдсан зүйл.
-Ер нь боксын холбооныхон удирдлагуудынхаа ажлын үзүүлэлтийг яаж дүгнэдэг юм бэ. Тодорхой шалгуур, үр дүнг хэлэлцэх зэргээр үү, эсвэл тамирчдын гаргасан амжилтыг голлох уу?
-Олон нийтийн байгууллагын хувьд арай өөр л дөө. Манай холбооны ерөнхийлөгчөөр Ч.Ганзориг, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх нар ажиллаж байна. Мөн мэргэжлийн талаас спортоо хариуцсан хоёр дэд ерөнхийлөгчтэй. Нэг нь би, нөгөө нь ОУХМ Ц.Цэрэнням. Японд бизнес эрхэлдэг Онон, АМХЭГ-ын дарга Батхуяг нар бизнесийн асуудлыг хариуцан ажиллаж байна.
Үүнээс гадна Удирдах зөвлөл, мэргэжлийн зөвлөл, дасгалжуулагчдын болон хяналтын зөвлөл гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл холбоогоо өргөжүүлэн, олон хүнийг хамруулж ажиллах болсон. Олимп хүртэл хугацаа бага үлдлээ. Шаргуу ажиллахыг нөхцөл байдал шаардаж байна.
-Ойрын томоохон үед ямар тэмцээнд оролцох вэ. Ер нь олимпийн өмнөх энэ цаг үед Монголын боксын холбоо санхүүгийн хувьд айлтгүй, хөл дээрээ зогссон гэж ойлгож болох уу?
-Европт гурван цуврал тэмцээнд явахаар бэлтгэж байна. Нэг баг Азербайджанд тэмцээнтэй. Тэд ирж бэлтгэлээ хийгээд Куба, Хойд болон Өмнөд Солонгос, БНХАУ-д тэмцээнд оролцох юм. Одоо бэлдэж байгаа энэ хүүхдүүд маань 2016, 2022 оны олимпийн найдварууд шүү дээ. Тэднийг амжилт гаргах цагт одоо хийж буй энэ их ажлыг үгүйсгээд, тухайн үеийн Боксын холбооны удирдлагууд зөвхөн бидний амжилт гэж ярьж болохгүй. Үүнийг л ялгаж, салгаж ойлгох учиртай. Бас шүүгчдээ бэлтгэж байна. Өчнөөн бэлтгэл хийчихээд шүүгчийн маапаанаас болоод луйвардуулах тохиолдол олон.
-Энэ талаар ямар арга хэмжээ авч байна?
-Тоглолт бүрт давхар хяналт тавьж, алдаа гаргасан шүүгчийг нэг өдрийн цалингаар торгох зэрэг арга хэмжээ авах болсон. Сүүлийн үед энэ талаар онцгой анхаарч, 100 хувь төгс зүйл гэж байдаггүй ч 98 хувь нь шударга болсон гэж үзэж байгаа. Мөн бид бас нэг сайхан ажил зохион байгуулж байгаагаа энэ дашрамд хэлье. Олимп, дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдаа алдаршуулж, үзэсгэлэн гаргаж байгаа. Үзэсгэлэнгийн зорилго нь алдар гавьяаны түүх болсон тэр медалиудыг яг тулж харах юмсан гэсэн хүсэлтэй хүмүүст тэр боломжийг олгох юм.
-Медалийн эзэд энэ талаар ямар сэтгэгдэлтэй байна. Үнэндээ тэд бусдад үзүүлэх тийм ч дуртай биш байдаг шүү дээ?
-Олонхи нь дуртайяа оролцож байгаа. Зарим нь медалиа алга болчихно ч гэдэг юм уу хойрго хандаж байгаа тал бий. Хэдийгээр тэдний хөлс, хөдөлмөрийн үр дүн ч гэсэн төр засгийн сан хөмрөг, татвар төлөгчдийн мөнгө гэхчлэн гаргасан зардалд нь Монголын ард түмний хөрөнгө оролцсон болохоор тамирчид энэ үзэсгэлэнд идэвхтэй оролцоосой гэж хэлмээр байна.
-Хэдийгээр 2012 оны олимпийг угтсан мэдээлэл дуулгахад эрт ч гэсэн сонор мялаах сайхан мэдээ байвал манай уншигчидтай хуваалцаач?
-Энэ талаар хэлэхэд эрт байна. Гэхдээ манай Т.Үйтүмэнгийн амьдаа залуу боксчин бий. Тэр хүүд нэлээд найдвар тавьж байгаа. Үүнээс илүүг хэлэх боломж алга.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин