Ширэн цартай хуурчдын уралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Ширэн цартай хуурчдын уралдаан эхэллээ

Төрийн Хан хуур залсны 20 жилийн ой, “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх“ тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  ширэн цартай хуурын хэв маяг, хөг аялгууг хадгалах, залуу үед өвлүүлэх, хөгжүүлэх, улмаар нийтэд сурталчлах, мэргэжлийн сургалттай сургуулиудын сургалтын чанар болон ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ширэн цартай хуурчдын улсын уралдаан”-ыг анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү уралдаан цаашид хоёр жил тутамд уламжлал болон зохион байгуулагдах юм.

Уралдаанд мэргэжлийн сургуулиудын болон мэргэжлийн сургалттай сургуулиудын оютнууд болон уралдааны программыг бүрэн хангасан, шавь сургалтанд хамрагдсан 25 морин хуурчид оролцож байна.

“Аргасун мюзик” ХХК, Монголын морин хуурын төвийн санаачлан зохион байгуулж буй уг наадмыг Нийслэлийн соёл урлагийн газар, БСШУЯ дэмжиж оролцож байгаа аж.

Уралдаан нээлтийн ажиллагаа өнөөдөр өглөө 09.00 цагт СУИС-ийн Концертын танхимд эхэллээ. Уралдаан хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 18-нд 10.00 цагт СУИС-ийн концертын танхимд эхэлсэн бол хоёрдугаар шатны шалгаруулалт  энэ сарын 19-нд буюу маргааш 09.00 цагт ХБК-ийн концертын танхимд болж,  15.00 цагт шилдгээ шалгаруулах нь ээ. “Ширэн цартай хуурчдын улсын уралдаан”-ы Гранпри  нэг морин хуурч шалгарч, диплом, мэргэжлийн цахилгаан төгөлдөр хуурын эзэн болох бол нэгдүгээр байр диплом нэг сая төгрөг, хоёрдугаар байр 800 мянган төгрөг, гуравдугаар байр 500 мянган төгрөг, шагналт байр дөрөв тус бүр 250 мянган төгрөгийн эзэн болох юм байна.

Сонирхуулахад, уг уралдаанд зориулсан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигууд, оролцогчдын танилцуулга, тоглох нот зэрэг мэдээллийг агуулсан ном хэвлэгдэн гарчээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж